БУЛГАН: Ойд аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг түр хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-03-29 11:41:27

Булган /МОНЦАМЭ/ Булган аймийн Засаг дарга хавар, намрын улиралд тогтоосон хугацаанд ой, ойн сан бүхий нутагт аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглосон шийдвэр гаргалаа. 

Түймрийн аюултай үед ой, ойн сан бүхий газарт аялах, ан агнах, бугын эвэр түүх, мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг энэ оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс зургаадугаар сарын 10, есдүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хориглосон байна. Ойд үйл ажиллагаа явуулахыг хориглосон хугацаанд түймрийн аюулын зэрэглэл багассан үед иргэн, хуулийн этгээд ой, хээрийн гал түймрээс хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлж, мод бэлтгэл, ойн арчилгаа, цэвэрлэгээний үед түймрийн аюулгуй байдлыг хангахад тавигдах тусгай шаардлагыг хангаж, орон нутгийн Засаг даргатай гал түймэр гаргахгүй байх гэрээ байгуулан, Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчаар дүгнэлт гаргуулан, ой, ойн сангаас мод бэлтгэх үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөх юм.

Тус аймагт энэ жил 87,4 мянган шоо метр мод бэлтгэхээр аймгийн ИТХ батлаад байна.

Related news