ХӨВСГӨЛ: Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-03-13 08:46:04

Мөрөн   /МОНЦАМЭ/.  Онцгой байдлын ерөнхий газраас Хөвсгөл аймагт Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг энэ сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулахаар ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Ц.Уранчимэгээр ахлуулсан ажлын баг тус аймагт ажиллаж байна.


Сургууль зохион байгуулахтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд  3 дугаар сарын 10-ны өдрөөс  15-ны өдрийн 18.00  цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнууд ажлын тусгай горимд уртасгасан цагаар ажиллаж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж,  бэлтгэл ажлыг хангуулахыг үүрэг болголоо.



Гамшгаас хамгаалах команд штабын сургууль нь Хөвсгөл аймагт хүчтэй газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон үеийн үндэсний болон орон нутгийн удирдлагын харилцан ажиллагааг жигдрүүлэх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших, тодотгох, нөөцийн тооцоо, судалгаа гаргах, хүндрэл бэрхшээлийг тодорхойлох зорилготой юм.

Энэ удаагийн сургууль нь “Газар хөдлөлтийн гамшгийн үеийн  хариу арга хэмжээ, удирдлагын харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд зохион байгуулах аж.

 

Related news