ДУНДГОВЬ: “Бидний бахархал” төсөл эх оронч иргэнийг төлөвшүүлэх зорилготой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-03-09 17:10:13
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Тус аймгийн ЗДТГ, Цэргийн штаб, “Монгол хурандаа” нийгэмлэг хамтран “Бидний бахархал” төслийн сургалтыг Сайнцагаан, Хулд суманд зохион байгуулав.

Сургалтад Ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангийн сурагчид, Политехник коллежийн оюутан сурагчид, цэргийн насны залуучууд, тусгай чиг үүргийн байгууллагын албан хаагчид оролцжээ.  



Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Засгийн газраас баталсан “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр” болон Их эзэн Чингис хаан мэндэлсний 860 жилийн ойн хүрээнд “Бидний бахархал” төслийг хэрэгжүүлж байгаа юм.

Төсөл нь тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэ цэн, эх орон болон монгол хүн болж төрснөөрөө бахархах, байгаль, түүх соёлоо хайрлан хамгаалах, улс орны хөгжилд хувь хүн бүрийн оролцоо чухал гэдгийг хүүхэд, залууст ойлгуулж, эх оронч иргэнийг төлөвшүүлэх зорилготой юм.



Төслийн хүрээнд төр, нийгэм, цэргийн ахмад зүтгэлтнүүд, эрдэмтэн, судлаачид тусгаар тогтнолын үнэ цэн, эх оронч байхын утга учрыг таниулсан лекц уншиж, сургалт зохион байгуулан, мөн өвөг дээдсийн баатарлаг үйлс, эх орноо хайрлан хамгаалах, үндэсний эв нэгдлийг хангахад чиглэсэн төр, засгийн бодлого, төрийн цэрэг, хууль сахиулах байгууллагуудын үндэсний аюулгүй байдлыг хангах, даян дэлхийн энхийн төлөөх үйл ажиллагааг сурталчлан таниулах сургалт, сурталчилгаа, соёл, урлаг, спортын цогц үйл ажиллагаа зохиож байна.

“Бидний бахархал” төслийг нийслэл, орон нутагт 2022-2023 онд хэрэгжүүлнэ.



Related news