ДАРХАН-УУЛ: Нийт хүн амын 50.99 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-03-07 17:39:19

Дархан /МОНЦАМЭ/. 2022 оны байдлаар Дархан-Уул аймагт 104.6 мянган хүн амьдарч байна гэсэн судалгаа гарчээ. Үүнээс  53.3 мянган нь эмэгтэй бөгөөд нийт хүн амын 50.99 хувийг эзэлж байна.


Байршлаар авч үзвэл, аймгийн төвийн 84.7 мянган хүний 43.6 мянга /51.47 хувь/, хөдөөд 9.6 мянган хүний 4.6 мянга буюу 48.27 хувь нь эмэгтэйчүүд байна. Аймгийн хэмжээнд нийт 29.5 мянган өрх байдаг бөгөөд эмэгтэй тэргүүлэгчтэй 7.1 мянган өрхийн судалгаа байгаа нь 24 хувийг эзэлж байна.



Мөн хүүхэдтэй эмэгтэй тэргүүлэгчтэй өрх 2904 байгаагийн гурав хүртэлх хүүхэдтэй 1596 мянган өрх, 3-5 хүүхэдтэй 958, зургаа ба түүнээс дээш хүүхэдтэй 350 өрх байна. Хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдээс гэр бүлтэй 2011, гэр бүлгүй 205 байна гэсэн судалгаа гарчээ.

Аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагсдын сарын дундаж цалин хүйс, улирлаар нь авч үзвэл, 2022 оны гуравдугаар улирлын байдлаар эмэгтэйчүүдийн дундаж цалин нэг сард 1175,4 төгрөг бол эрэгтэйчүүдийн дундаж цалин 1472.0, харин аймгийн дундаж цалин 1326.8 төгрөг байна.



Дундаж цалин хөлс нь тайлант хугацаанд цалин хөлс авсан ажиллагсдын тоогоор жигнэсэн нийт цалин хөлс болон тайлант хугацаанд цалин хөлс авсан ажиллагсдын тооны харьцаа юм. Үндсэн цалин, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, ажиллаагүй цагийн олговор болон бусад олговроос цалин хөлс бүрддэг ажээ.

2022 оны дөрөвдүгээр улирлын байдлаар ажиллах хүчин 32,852 байгаагаас эрэгтэй 18,528, эмэгтэй 14,323 байна. Ажиллах хүчин гэдэг нь ажиллаж буй иргэдийн тоон судалгаан дээр ажиллах боломжтой ажилгүй иргэдийг нэмсэн тоо аж.



Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын судалгаагаар, "Алдарт эх"-ийн нэг, хоёрдугаар зэргийн одонтой 7188 эмэгтэй байна. Зургаа болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн "Алдарт эх"-ийн нэгдүгээр зэргийн одонтой 1686, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн 5492 эх байна. Жилд дунджаар 300 гаруй эмэгтэй "Алдарт эх"-ийн одон авдаг ажээ. Мөн тус газарт идэвхтэй ажил хайгчаар 1965 иргэн бүртгүүлснээс 943 нь эмэгтэй байна.



Иргэдийн төлөөлөгчдийн хуралд эмэгтэйчүүдийн оролцоо хэрхэн байдаг судалгааг сумдаар харьцуулбал, Дархан-Уул аймаг нийт 33 төлөөлөгчтэй бөгөөд үүнээс дөрвөн эмэгтэй сонгогджээ. Дархан сум 31 төлөөлөгчтэйгээс 14 нь эмэгтэй, Орхон сум 21 төлөөлөгчтэйгээс 11 эмэгтэй, Хонгор сум 27 төлөөлөгчтэйгээс найм нь эмэгтэй, Шарын гол сум 27 төлөөлөгчтэйгээс 11 нь эмэгтэй төлөөлөгч сонгогдон ажиллаж байна. Аймаг, сумдад нийт 139 төлөөлөгч ажиллаж байгаагаас 48 эмэгтэй сонгогджээ.

Related news