Мал угаалгын ажилд малчид идэвхгүй оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-09-01 14:24:30

Сүхбаатар  аймгийн хэмжээнд мал угаалгын ажил эхлээд явж байна. Гэтэл малчид мал угаалгын  ажилд хойрго хандаж, идэвхигүй байгааг аймгийн Мал эмнэлгийн албаныхан хэллээ.

Аймгийн хэжмээнд нийт 3,6 сая бог мал угаалганд орох ёстой. Гэтэл 2016 оны 8 дугаар сарын 30-ны байдлаар 900 мянган бог мал буюу нийт бог малын дөнгөж 23,6 хувь нь хамрагдсан байна. Энэ жилийн мал угаалга 9 сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Амжиж малаа угаалганд оруулаагүй бол энэ жилдээ дахин хийхгүй юм байна.

Мал угаалгыг мэргэжлийн, мэргэжлээрээ ажиллах лицензтэй малын эмч хүн хийх ёстой. Малыг угаалганд оруулсанаар халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэн, өвчлөлийг эсэргүүцэх чадвар нь нэмэгдэх, түүхий эдийн гарц нэмэгдэх гээд олон талын ач холбогдолтой. Гэтэл малчид малаа угаалгах энэхүү ач холбогдлыг мэддэггүй, мэргэжлийн малын эмчид хандалгүй өөрсдөө дур мэдэн хувиараа малаа угаадгаас үр дүн өгдөггүй, бүртгэлд ордоггүй зэрэг бэрхшээлүүд байгааг  аймгийн Мал эмнэлгийн албаны дарга Т. Тунгалаг ярьж байна.

Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгуудад малын өвчлөл өндөр байдаг. Тиймээс Монгол Улсын ХХААХҮЯамны шийдвэрээр Зүүн бүсийн аймгуудад мал угаалгыг 3-5 жилийн хугацаанд тогтмол хийхээр болжээ.

Т. Одончимэг

Related news