Бүрд суманд Монгол, Оросын хамтарсан сургуулилт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-08-31 12:42:11

Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Элсэн тасархайд SAREX-2016 эрэн хайх авран туслах албадын сургуулилтыг энэ сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Иргэний агаарын хөлгийн осол, сүйрлийн үед аюулд нэрвэгдсэн хүмүүст шуурхай тусламж үзүүлэх чиглэлээр хөрш зэргэлдээ орнуудтай эрэн хайх, авран туслах албадын хамтын ажиллагааг бий болгох үүднээс манай улс ОХУ-тай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулж, хамтарсан сургуулилтыг 4 дэх удаагаа хийж байгаа юм. Анхны хамтарсан сургуулилтыг 2010 онд ОХУ-д хийснээс хойш талууд 2 жил тутамд ээлжлэн зохион байгуулж байгаа бөгөөд манай улс анх 2012 онд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны нутаг дэвсгэрт хамтарсан сургуулилтыг амжилттай хийж байжээ.

Уг сургуулилтад Монголын талаас ЗТХЯ, ЭМЯ, ИНЕГ, ЦЕГ, ЗХЖШ, МХЕГ, ТЕГ, НТОЗШША, ХХЕГ, ГИХГ, ГЕГ зэрэг байгууллагын алба хаагчид, хойд хөршийн талаас ОХУ-ын ХАТА-ийн орлогч дарга А.В.Ведерников тэргүүтэй Ми-8 агаарын хөлөг бүхий 22 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцсон байна.

Сургуулилтаар Өвөрхангай аймгийн Бүрд сумаас хөөрсөн TEST1234 дугаартай PA-31 маягийн онгоц тухайн нутаг орчны байгалын үзэсгэлэнт газруудаар аялал жуулчлалын зорилго бүхий зорчигч тээвэрлэн ерөнхий зориулалтын агаарын зайд нислэг үйлдэхээр хөөрсөн ба Бүрд суманд газардах байсан ч төлөвлөгөөт цагаасаа 30 минут өнгөрч улмаар ямар нэгэн холбоогүй, сураггүй болсон тухай цагийн байдал дээр талууд хамтарсан дадлага хийлээ.

Энэхүү сургуулилт нь манай эрэн хайх, аврах туслах албадынханд ихээхэн мэдлэг, дадлага олгосон гэдгийг оролцогчид хэлж байв.

Өвөрхангай Б.Батчимэг

Related news