НАТО-гийн тэргүүн аюулгүй байдлын уялдаа холбоо чухал болохыг цохон тэмдэглэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-01-30 16:04:53

СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ Украины дайнд ОХУ-д дэмжлэг үзүүлж байгаа нь дэлхийн бусад улс орнууд аюулгүй байдлаа хангах хүчин чармайлтаа уялдуулах шаардлагатай байгааг бататган харуулж байна гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг ням гарагт мэдэгджээ.


Й.Столтенберг БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жинтэй уулзах үеэрээ ийнхүү хэлсэн байна.


“Улам таамаглашгүй, тодорхойгүй болж буй ертөнцөд дүрэм журамд суурилсан олон улсын дэг журам, эрх чөлөө, ардчиллыг эрхэмлэдэг улс орнууд нэгдмэл байх нь илүү их ач холбогдолтой гэж би бодож байна” гэж НАТО-гийн тэргүүн хэлсэн байна. “Мэдээж хэрэг бид БНАСАУ-ын пуужингийн туршилт, цөмийн хөтөлбөрүүдэд санаа зовниж байна. Украины дайн ч бас танай бүс нутагт нөлөөлж байгаа. БНАСАУ Оросын талд пуужин өгөх зэргээр цэргийн дэмжлэг үзүүлж байгааг бид мэднэ. Энэ нь бид хоорондоо хэр зэрэг холбоо хамааралтай болохыг харуулж байна” гэж тэрбээр нэмж хэлжээ.


Сөүлд хоёр хоног айлчлах хугацаандаа Й.Столтенберг мөн БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл болон Засгийн газрын бусад төлөөлөгчидтэй уулзана.


Й.Столтенберг цааш хэлэхдээ, “Бидний айлчлал нь БНСУ, НАТО-гийн түншлэлийн харилцаанд асар их ач холбогдол өгч буйн тод илэрхийлэл юм. Хоёр талын түншлэлийг бэхжүүлэх, харилцан ашигтай байж болох олон салбар бий гэдэгт бид итгэж байгаа. Өнгөрсөн зургаадугаар сард болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад Юн Сок Ёл оролцсон нь “түүхэн үйл явдал” болсон. Литвийн нийслэл Вильнюс хотод удахгүй болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр түүнтэй дахин уулзана гэж найдаж байна” гэжээ. Юн Сок Ёлыг НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцсоны дараа БНСУ НАТО-д төлөөлөгчийн газраа байгуулсан юм.


Пак Жин хариуд нь БНАСАУ-ын цөмийн болон пуужингийн өдөөн хатгасан үйлдлүүдийг зогсоох чиглэлд гаргаж буй БНСУ-ын хүчин чармайлтыг дэмжиж байгаад НАТО-д талархал илэрхийлээд "өдгөө дэлхий дахинд урьд хожид байгаагүй сорилтууд тулгарч байгааг харгалзан эрх чөлөө, ардчилал, хууль дээдлэх ёсыг эрхэмлэдэг улс орнууд эв санааны хувьд нэгдмэл байх нь урьд урьдынхаас илүү чухал гэж бид үзэж байна" гэв. “Өнөөдөр бид цаашдын түншлэлээ хөгжүүлэх институцын үндэс суурийг бэхжүүллээ. Аюулгүй байдалд учирч буй өнөөгийн аюул заналыг арилгахын тулд НАТО-той илүү нягт хамтран ажиллана гэдэгт найдаж байна” гэж  БНСУ-ын Гадаад хэргийн сайд хэлжээ.

Related news