Агаарын бохирдлын үзүүлэлтийг 3 цаг тутамд үнэлэхийг санууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-01-26 15:22:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Байгаль орчны иргэний зөвлөл (МБОИЗ) ТББ-ын дэргэдэх “Ногоон парламент”-ын гишүүн эрдэмтэн судлаач нар агаарын бохирдлын үзүүлэлтийг тогтмол нарийн гаргаж байх 5 зөвлөмж бүхий саналыг нэгтгэн Орчны бохирдлын Үндэсний хороонд өнгөрсөн оны 3 дугаар сард хүргүүлжээ. Гэвч “Хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй” гэсэн агуулга бүхий дээрх санамжийн хариуг өнөөдрийг хүртэл ирүүлээгүй байна.  


Эсрэгээр агаарын бохирдлыг эсрэг авч хэрэгжүүлэх Үндэсний хөтөлбөр өнөөдөр 33 хувьтай хэрэгжиж байна хэмээн өнөөдөр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд болсон “Агаарын бохирдол, асуудал шийдэл, иргэд мэдэх эрхтэй” хэлэлцүүлэгт оролцсон мэргэжилтнүүд Орчны бохирдлын Үндэсний хорооны үйл ажиллагаанд шүүмжлэлттэй хандаж байлаа. Тиймээс тус хорооны бүрэлдэхүүнд байгаль орчны хараат бус шинжээчдийг оруулж үйл ажиллагаа, төсвийн зарцуулалтыг хянаж энэ талын мэдээллийг олон нийтэд нээлттэй болгохыг шаардлаа.


Агаарын бохирдол энэ өвөл нийслэлд стандарт түвшнээс өндөр байгаа нь олон эрсдлийг дагуулж байна. Үүний эсрэг арга хэмжээ авч байгаа ч тодорхой үр дүнд хүрэхгүй байгааг МБОИЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Б.Цогцолмаа хэлж байлаа.

БОАЖ-ын сайдын тушаалаар 2018 онд Агаарын чанарын индекс үзүүлэлтийг хэмжих журмыг өөрчилсөн. Тодруулбал, агаарын бохирдлыг цаг цагаар үнэлж, 3 цагийн дунджаар азотын давхар исэл, хүхрийн үзүүлэлтийг харуулж ирсэн. 2020 онд агаарын бохирдол нийслэд 41 хувиар буурсан хэмээн мэдэгдэн явж ирсэн ч байдал өнөөдөр өөр болоод буйг хэлэлцүүлэгт оролцсон байгаль орчин, экологийн мэргэжилтнүүд анхааруулж санууллаа.


Монгол орон шиг эрс тэс уур амьсгалтай, дээр нь агаарын бохирдол ердийн галлагаагаар үүсдэг оронд агаарын бохирдлын түвшин янз бүр, өөр өөр байдаг. Өнөөдөр 5 жилийн статистик дүнг харахад агаарын бохирдол буурсан үзүүлэлт байхгүй байгааг МБОИЗ-ийн тэргүүн, доктор С.Амгаланбаатар хэлж байна.


Тиймээс агаарын бохирдлыг зөв үнэлж, олон нийтэд тогтмол мэдээлж байх ёстой гэсэн байр сууриа илэрхийлж байв.  Үүнтэй уялдан гамшгийн хэмжээнд хүрээд буй бүсэд оршин сууж буй иргэдэд амны хаалтаа тогтмол зүүх, өндөр настай, зүрх судасны өвчтэй хүмүүс, бага насны хүүхдүүдийг гэрээсээ гарахгүй байх гэсэн зөвлөмж өгч байх олон улсын жишгийг дагаж мөрдүүлэн, зарим улс оронд ийм бүсэд туг өлгөн дохион өгөн анхааруулж байдаг зэрэг жишээг хэлж байлаа. Хэлэлцүүлгээр сайжруулсан шахмал түлшний стандартыг

  • Хүхрийн үзүүлэлтийг 0.7 хувь,
  • чийглэгийн үзүүлэлтийг 4 хувь,
  • дэгдэмхий бодисыг 18 хувьтай тэнцүү буюу бага болгох хэрэгтэй байгааг мэдээллээ. 
Related news