“Солонгосын 7 хоног-2016” ирэх долоо хоногт Улаанбаатарт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-08-30 17:59:32

БНСУ-ын Элчин сайдын яамны шинэ байрны нээлтэд зориулж “Солонгосын долоо хоног-2016” арга хэмжээг Улаанбаатар хотноо 9 дүгээр сарын 5-12-нд зохион байгуулах болсон талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сун арга хэмжээний талаар танилцуулга хийсэн юм. Тэрбээр “БНСУ-ын ЭСЯ шинэ байрандаа үйл ажиллагаа явуулж эхлээд хоёр сар болж байна. Уг байрандаа бид Консулын хэлтсээ ажиллуулж, БНСУ-ыг зорих виз хүсэх иргэдэд тухтай, таатай орчинд үйлчлүүлэх боломж бүрдүүлэхийг зорьж байна. Мөн шинэ байрны нээлтдээ зориулж, хоёр орны ард иргэдийн ойр дотно, найрсаг харилцааг улам ойртуулах зорилгоор Солонгосын соёл, урлаг, ахуй амьдралыг сурталчлан таниулах өдөрлөг зохиохоор бэлдлээ. Долоо хоног үргэлжлэх уг өдөрлөгийн хүрээнд Монгол, Солонгосын хамтарсан үндэсний хувцасны загварын шоу, Монгол орны байгалийн сайхныг харуулсан Солонгос гэрэл зурагчны үзэсгэлэн, таеквондогийн үзүүлэн тоглолт, солонгос хоолны фестивал, урлаг соёлын тоглолт, бадүг даамны тэмцээн зэргийг зохион байгуулна” гэв.

Мөн тэрбээр “Хоёр улсын харилцаа өргөжин хөгжихөд хоёр орны иргэд хоорондын харилцаа сайхан байх нь чухал гэж үздэг” гэж онцолсон юм.

 “Солонгосын долоо хоног-2016” арга хэмжээ тус Элчин сайдын яамны байр болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дахь Сөүлийн төгөлд болох юм. Хөтөлбөрийг танилцуулбал:

9-р сарын 6-нд

1.     Монгол, Солонгосын хамтарсан загварын шоу 

2.     “Солонгосын долоо хоног-2016” нээлтийн арга хэмжээ, хүлээн авалт

9-р сарын 6-наас 12-нд

3.     “Монгол орны байгалийн үзэсгэлэнт газрууд” гэрэл зургийн үзэсгэлэн

9-р сарын 7-нд

4.     Таеквондогийн үзүүлэн тоглолт

9-р сарын 8-нд

5.     Солонгос хоолны фестивал ,

6.     Ким Чан Ван уран бүтээлчийн концерт, B-Boy тоглолт

9-р сарын 9-нд

7.     *Тусгай арга хэмжээ – “Face of Mongolia 2017” наадам

9-р сарын 10-нд

8.     Еврази ОУ-ын Бадүг даамны тэмцээн гэсэн арга хэмжээ төлөвлөгдөөд байна.

Арга хэмжээнд зориулж БНСУ-ын Үндэсний ассемблейн хоёр гишүүн, ГХЯ-ны дээд албан тушаалтан Монгол Улсад хүрэлцэн ирэх болжээ. Мөн хөтөлбөрт оролцохоор тамирчид, загвар өмсөгчид, сэтгүүлч, сурвалжлагчид зэрэг өргөн бүрэлдэхүүнээр хүрэлцэн ирэхээр төлөвлөжээ. 

Н.Гантуяа

Гэрэл зургийг Т.Чимгээ

Related news