Улаанбаатар хотын иргэд жилд 1.4 сая тонн хог хаягдал гаргаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-01-24 13:44:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын иргэд жилд 1.4 сая тонн хог хаягдал гаргадаг байна. Үүнээс 30 орчим хувь нь буюу 420 мянган тонн нь хүнсний хог хаягдал аж.


Азийн хөгжлийн банкны Ази, Номхон далайн бүсийн тогтвортой хөгжлийн Япон сангаас нийслэлийн хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл санхүүжүүлж байна. Энэ нь иргэд, байгууллагын оролцоотой хүнсний хог хаягдлаа дахин боловсруулах туршилт хийх төсөл юм. Гурван хэсгээс бүрдэх төслийг хэрэгжүүлснээр хүнсний хог хаягдлыг боловсруулдаг болох эсэхийг тодорхойлох ажил одоогоор 98 хувьтай хэрэгжиж байна. Мөн хүнсний хаягдлыг иргэдийн оролцоотой дахин боловсруулах хүрээнд 50 өрх, 5 байгууллагад туршилт, судалгаа хийж, хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулах юм.


Нэг тонн хүнсний хог хаягдлыг булшлахад 3 тонн нүүрстөрөгчийн давхар исэл ялгардаг. Энэ нь байгаль орчинд илүү сөрөг нөлөөтэй тул дахин боловсруулах үйлдвэр нэн шаардлагатай, төсөл хэрэгжүүлэхэд нэмэлт санхүүжилт хэрэгтэйг Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төслийн зохицуулагч Д.Нямдорж хэлж байв.

Related news