“Avatar 2”-ын орлого 2 тэрбум ам.долларын босго давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2023-01-23 13:42:09

ВАШИНГТОН. /CNBC/. Америкийн “Disney” компанийн “Avatar: The Way of Water” уран сайхны киноны орлого 2 тэрбум ам.долларын босгыг давснаар Канадын найруулагч Жеймс Кэмероны бүтээлүүдээс ийм амжилт үзүүлсэн гурав дахь уран бүтээл боллоо. 

 

Дэлхийн кино урлагийн түүхэнд энэхүү киноноос гадна “Avatar”, “Avengers: Endgame”, “Titanic”, “Star Wars: The Force Awakens”, “Avengers: Infinity War” гэсэн ердөө тавхан кино л 2 тэрбумаас дээш ам.долларын ашиг орлого олсон байдаг.


Ням гаргийн байдлаар, “Avatar: The Way of Water” дотоодын зах зээлээс 598 сая ам.доллар, гадаадын зах зээлээс 1.428 тэрбум ам.долларын орлого олжээ. Ингэснээр бүх цаг үеийн хамгийн их ашиг орлоготой кинонуудын жагсаалтын зургаадугаарт бичигдсэн бөгөөд кинотеатруудын дэлгэцнээ гарсаар байгаа тул байраа улам ахиулах магадлалтай байна.


Цар тахлын дараа үзэгчид гэртээ кино үзэхийг илүүд үзэхээс гадна кинотеатруудад цөөн кино нээлтээ хийх болсонтой холбоотойгоор кинотеатрын тасалбарын борлуулалт эргэн сэргэхэд саад бэрхшээл тулгарсаар байгаа юм. Харин үзэгчид кино урлагийн салбарт өндөр амжилт үзүүлсэн бүтээлүүдийг үзэх сонирхол ихтэй байгаа нь “The Way of Water” тэргүүтэй кинонуудын амжилтаас харагдаж байна. Түүнчлэн “IMAX”, өргөн дэлгэцийн формат зэрэг илүү үнэтэй тасалбаруудыг худалдан авах үзэгчдийн тоо нэмэгдсэн байна.


Хэдийгээр Хятадад “COVID-19” халдварын тохиолдол нэмэгдэж, улмаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо өсөж байгаатай холбоотойгоор “The Way of Water” киноны үзэгчдийн тоо урьдчилан таамаглаж байсан түвшинд хүрэхгүй байгаа ч Франц, Герман, Солонгост тасалбарын борлуулалт өндөр байна.


Ирэх таван жилийн хугацаанд дахин гурван ангийг бүтээхээр төлөвлөж буй “Avatar” киноны хувьд хоёрдугаар ангийн орлого хоёр тэрбум ам.долларын босго давсан нь тун сайн үзүүлэлт юм. Түүнчлэн шинэхэн киногоо хамгийн их ашиг орлого олсон кинонуудын 3 юм уу 4 дүгээрт байрт жагсаж, цаашлаад түүнээс ч өндөр амжилт үзүүлэх бололцоотой хэмээн ярьж байсан Ж.Кэмероны зорилго биеллээ олж байна.


The Way of Water” хэдий хэмжээний зардлаар бүтсэн нь тодорхойгүй байгаа ч ойролцоогоор 250-350 сая ам.доллароор бүтсэн гэсэн тооцоо бий. Гэхдээ маркетингийн зардлыг үүнд оруулаагүй байна. Энэхүү киноны тасалбарын борлуулалт “Marvel” студийн “Ant-Man and the Wasp: Quantumania” киног ирэх хоёрдугаар сарын дундуур нээлтээ хийх хүртэл өндөр хэвээр байх төлөвтэй байна.  

Related news