Турк улс Шведийн Батлан ​​хамгаалахын сайдын айлчлалыг цуцаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-01-21 16:55:15

АНКАРА. /Anadolu/. Туркийн эрх баригчид Шведийн Батлан хамгаалахын сайд Пола Йонсоны Анкарад хийхээр төлөвлөж байсан айлчлалыг цуцалжээ.  Энэ тухай Туркийн Үндэсний батлан хамгаалахын сайд Хулуси Акар өнөөдөр мэдээллээ. 


"Одоогийн байдлаар Шведийн Батлан ​​хамгаалахын сайдын Туркт хийх айлчлал ямар ч ач холбогдолгүй болсон тул бид цуцалсан" гэж тэрбээр хэлсэн байна.


Шведийн Батлан ​​хамгаалахын сайд Пол Йонсон нэгдүгээр сарын 27-нд Туркт айлчлах ёстой байв. Тэрбээр айлчлалынхаа үеэр НАТО-д элсэх тухай тус улсын хүсэлттэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байжээ. 


Өнгөрсөн долоо хоногт Туркийн эрх баригчид Шведийн парламентын дарга Андреас Норлений айлчлалыг цуцалсан байна. Туркт хориглосон "Курдийн ажилчны нам"-ын дэмжигчид Стокхолм хотноо жагсаал зохион байгуулж, Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг доромжилж хашгирсны дараа ийм явдал болжээ. Туркийн Ерөнхий прокурорын газар энэ асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.


Төвийг сахих бодлогыг 200 гаруй жил баримталсан Швед, Финланд улсууд ОХУ Украин руу довтолсны дараа НАТО-д элсэхээр шийдэж, эвсэлд нэгдэх хүсэлтээ 2022 оны тавдугаар сарын 18-нд албан ёсоор өгсөн билээ. Хоёр улсын хүсэлтийг НАТО-ийн гишүүн 28 орон баталсан боловч Унгар, Турк улсууд одоог хүртэл соёрхон батлаагүй байгаа юм.  

Related news