ДОРНОГОВЬ: Цагаан дэлийн агуй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-01-20 14:57:06

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн байгалийн болоод түүхэн дурсгалт газрыг цувралаар танилцуулж байна.

Тус аймгийн Айраг сумын нутагт байх Цагаан дэлийн агуй нь Сайншандаас 125 км, сумын төвөөс 25 км, Нард багийн төвөөс 10 км-т оршдог. Баруунаас зүүн тийш 20 метр, хойноос урагш 45 метр, 12 метр орчим гүн, гар аргаар жонш олборлож байсан нүхнээс гэнэт эгц доошоо үүсэн гарсан.

Түүх сөхвөл, 1968 онд хайлуур жонш олборлож байсан 27 дугаар сувагт дэлбэрэлт хийх үед доргилтоор нурж нээгджээ. Анх орсон хүмүүс агуй дотор ус мөс, бүтнээрээ шахам байсан төдийгүй нохой шиг толгойтой том амьтан, өөр бусад  амьтны яс маш их байсныг олж үзээд ШУА-д захиа бичиж судлахыг хүсэж байжээ.

Агуйн хоёр ам далайн түвшнээс дээш 1140 м өндөрт хайлуур жонш авч ашиглаж байсан 150 гаруй урт, 16.5м гүн сувгийн ёроолд зүүн хойш харсан байрлалтай. Нэг дэх ам нь сувгийн урьд үзүүрээс 98.8 м оршино.

Агуй малталтаас үүссэн газрын доод давхаргын амнаас доош 4-5 метр өргөн, 8-9 метр гүн буух тавцантай бөгөөд эргэн тойрон гэр хэлбэрийн хөндийтэй. Уг хөндийгөөс цааш тахиралдсан нарийн нүхтэй том дугираг гэр хэлбэрийн хөндийнүүд бий бөгөөд жилийн дөрвөн улиралд байнгын ус, мөстэй байдаг.

Уг агуйн орчимд хайлуур жоншны ордуудтай бөгөөд иргэд хууль бусаар амных нь болон дотор хананы жоншийг ашиглаж эвдэж сүйтгэсэн байдаг.

Уг агуй нь улсад хэмжээгээрээ хамгийн томд тооцогддог төдийгүй дотроо том амьтны соёо, ханын сүг зураг байдаг бөгөөд бүрэн судлагдаагүй байгалийн сонин тогтоц бүхий газар юм. Цагаан дэлийн агуйг 2006, 2010, 2013 онд сумын тусгай хамгаалалтад авч байсан бол байгалийн дурсгалт газрын ангиллаар аймгийн тусгай хамгаалалтад 2011, 2014, 2019 онд тус тус авч байжээ. Харин 2019 онд улсын тусгай хамгаалалтад авчээ.

Related news