ХЭНТИЙ: 11 жил гацсан, 11 тэрбумын төсөвтэй Хан хэнтий чуулгын барилга

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-01-30 07:55:25

Хэнтий /МОНЦАМЭ/ Хан Хэнтий чуулга сууриа тавьснаас хойш аль хэдийнэ 11 жил өнгөрчээ. Энэ хугацаанд аймгийн дөрвөн ч засаг дарга, гурван ч гүйцэтгэгч компанийн нүүрийг үзээд буй тус бүтээн байгуулалт дуусахаасаа өмнө хуучирч эхэлсэн нь дамжиггүй.  

 

Хамгийн анх 2012 онд Хөвсгөл геологи” ХХК Хан Хэнтий чуулгын барилгын үндсэн угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд тухайн үеийн Засгийн газраас барилгыг царцааж, 2015 оны сонгон шалгаруулалтаар “Макс Майнд” ХХК барилгын ажлыг үргэлжлүүлэхээр болсон юм. Гэсэн ч барилгын ажил нь дуусаагүй өнөөдрийг хүртэл найм дахь жилдээ үргэлжилж буй. Өнгөрсөн хугацаанд Хэнтий аймгийн үе үеийн удирдлагууд “Макс майнд” ХХК-ийг ажлаа чанартай, хугацаанд нь гүйцэтгэхийг анхааруулж шаардаад ч амжилтыг эс олсон. Тиймээс ажлын гүйцэтгэл хангалтгүй гэх үндэслэлээр өнгөрсөн оны гуравдугаар сард тус ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцалж, дахин тендер зарлав.Тус тендерт Ж.Энхболд захиралтай “Чандмана тал” ХХК шалгарч ажлаа эхлүүлээд жил орчмын хугацаа өнгөрөөд байна.

 

Энэ сарын 27-ны өдөр Барилгын хөгжлийн төвийн Барилга байгууламжийн захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Э.Мөнхсүх, Соёлын яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Т.Бямбасүрэн тэргүүтэй дарга нар, хяналтын инженерүүдийн хамт Хан Хэнтий чуулгын барилгын ажлын явц, гүйцэтгэлтэй танилцлаа. Эл өдрийн байдлаар барилгын ажлын талбарт 33 ажилтан зоорийн давхрын болон тайзны арын шатны хонгил хэсгийн заслын ажлыг хийж байв. Гүйцэтгэгч болох “Чандмань тал” компанийн зүгээс 2023 оны долдугаар сарын нэгэн гэхэд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаагаа дуулгалаа. Уг компани нь 2021 онд Дорнод аймгийн чуулгыг барьж ашиглалтад оруулсан туршлагатай аж.

 

Яагаад 11 жил гацав? Яагаад Хан Хэнтийчүүдийн урлаг соёлын үйлчилгээг тав тухтай орчинд авах эрхийг 11 жил хязгаарлав? Тус чуулгын барилгын ажлын талаар егүүр.мн сайтын сэтгүүлч Б.Бурмаагийн бичсэн нийтлэлээс иш татан эргэн сануулъя.  

 

Дөчөөд жилийн түүхтэй Хан Хэнтий чуулгын шинэ барилгын ажил өдгөөгөөс найман жилийн өмнө эхэлсэн байдаг. Тодруулбал, “Макс Майнд” ХХК анх 2015 оны наймдугаар сард Чингис хотод барих 600 суудалтай Хан Хэнтий чуулгын барилга угсралтын  ажил гүйцэтгэх гэрээ байгуулж байжээ.

Тухайн үед Хэнтий аймгийн Засаг даргаар Ж.Оюунбаатар ажиллаж байсан юм. “Макс Майнд” ХХК өнгөрсөн хугацаанд гэрээгээ дөрвөн ч удаа сунгажээ.

Тодруулбал, “Хан Хэнтий чуулга”-ын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг тухайн үеийн Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбатай 

-2017 оны 02 дугаар сарын 16,

-2018 оны 01 дүгээр сарын 12,

-2019 оны 07 дугаар сарын 8,

-2020 оны 07 дугаар сарын 7-ны өдрүүдэд ашиглалтад оруулахаар тус тус сунгаж байжээ. Гэвч ашиглалтад оруулах нь бүү хэл туслан гүйцэтгэгч компанидаа өгөх ёстой мөнгө тооцоогоо ч өгөөгүйгээс ажил нь бүрмөсөн зогсжээ. Өөрөөр хэлбэл Хан Хэнтий чуулгын барилгын ажил найман  жилийн хугацаанд дөрвөн ч засаг даргын нүүр үзэж, Хан Хэнтийчүүд урлаг уран сайхнаар хохирсоор ирсэн юм.

 

Улмаар одоогийн УИХ-ын гишүүн Ц.Идэрбат аймгийн Засаг даргаар томилогдмогцоо тус компанийг ажлаа чанартай, шуурхай дуусгах шаардлагыг компанийн удирдлагуудад удаа дараа тавьж, уулзалт зохион байгуулсан ч биелүүлээгүй тул гэрээг нь цуцлах шийдвэр гаргажээ. Харин энэ олон жил бүтээн байгуулалтын ажил саатуулсан “Макс Майнд” ХХК-ийн зүгээс эсэргүүцэн шүүхэдсэн аж. Анхан шатны шүүх тус компанийн талд шийдвэр гаргасан бол Давж заалдах шатны шүүхээс тухайн үеийн аймгийн Засаг дарга Ц.Идэрбатын гэрээ цуцалсан шийдвэрийг зөв хэмээн үзсэн байна. Одоо Дээд шүүхээр маргаан эцэслэгдэх дутуу гэнэ.

 

“Макс Майнд” ХХК анх 4.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж, 2017 онд хүлээлгэн өгөх ёстой байсан. Гэвч “Анх ажил гүйцэтгэсэн компани зураг төсөвгүй ажилласан, хүчитгэлүүд буруу хийгдсэн гэх алдаа дутагдал гарсан байна” хэмээн өөрсдөө үзэв. Тиймээс тус чуулгын барилгад нэмэлтээр 3.1 тэрбум төгрөг 2022 оны төсөвт тусгаж, нийтдээ улсын төсвөөс 11.4 тэрбум төгрөгийг эл төсөлд зарцуулж байгаа аж.


“Макс Майнд” ХХК-ийн хувьд гадаад худалдаа, барилгын материалын худалдаа, аялал жуулчлал, барилгын засвар, засал чимэглэл хийх үйл ажиллагааны чиглэлээр ажилладаг, 2011 онд үүсгэн байгуулсан компани аж. Гүйцэтгэх захирал нь Энхмөнхийн Золбаяр. Хувьцаа эзэмшигч нь Даваагийн Цэрэнбямба гэж хүн бүртгэлтэй.

 

Тус компани туслан гүйцэтгэгчдээ санхүүжилт олгоогүйгээс тоног төхөөрөмж захиалагдаагүй, түүнээс нь үүдэн барилгын портал цамхагийн ажил зогссон, тоног төхөөрөмжийн саатлаас тайзны хөшигнүүдийн ажлууд, бетон дам нурууг цутгаагүйгээс хөгжмийн яамны угсрах зэрэг “Хан Хэнтий чуулга”-ын сан тайзны ажлууд зогссон болох Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2021 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 03/207 дугаар албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож буй юм.

Энэ мэт ажлаа хийдэггүй, бүхэл бүтэн улсын том төслийг долоон жил гацааж, удаа дараа гэрээг нь сунгаж, огт ажил хийхгүй, туслан гүйцэтгэгчээ ч ажлыг нь хийлгэхгүй ирсэн энэ компанийг олон жил хаацайлж ирсэн нь хэний ашиг сонирхол байсан нь анхаарал татаж байна.

 

Related news