Германы Канцлер Японд ирэх гуравдугаар сард айлчлахаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-01-17 11:32:11

БЕРЛИН. /Kyodo/. Германы Канцлер Олаф Шольц Японы Ерөнхий сайд Кишида Фүмиотой хэлэлцээ хийхээр тус улсад ирэх гуравдугаар сард айлчлахаар төлөвлөж байгаа талаар Японы Засгийн газрын төлөөлөгч даваа гарагт мэдээллээ.


Айлчлалын үеэр О.Шольц, К.Фүмио нар эрчим хүч, хүнсний хямралаас эхлээд эдийн засгийн өсөлтийг хангахын тулд нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэх засгийн газар хоорондын хэлэлцээг эхлүүлэх төлөвтэй байна гэж эх сурвалж хэлжээ.


Япон улс 2023 онд “Долоогийн бүлэг”-ийг даргалж эхэлснээс хойш К.Фүмио тус бүлгийн удирдагчидтай уулзаад байгаа бөгөөд О.Шольцтой хамгийн сүүлд уулзах гэж буй нь энэ юм. Баасан гарагт Японы Ерөнхий сайд “Долоогийн бүлэг”-ийн орнуудад хийсэн зургаан өдрийн айлчлалаа Вашингтонд өндөрлүүлсэн билээ.


“Долоогийн бүлэг”-ийн орнуудын удирдагчдын дараагийн дээд хэмжээний уулзалт Хирошима хотноо ирэх тавдугаар сарын 19-21-ний өдрүүдэд болно. 

Related news