МАН: Эдийн засагт ирэх хамгийн том эрсдэлийг хааж, дефолтоос бүрэн гарсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-01-16 17:10:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар инфляцын нөхцөл байдлын талаарх Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын мэдээллийг сонссон бол Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гадаад өрийн зохицуулалтын талаар танилцуулга хийжээ. Мөн Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг  Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал бүлгийн гишүүдэд танилцуулсан байна. 


Инфляцыг энэ оны эхний хагаст нэг оронтой тоонд хүргэх бодлогын чиглэлийг дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд, Монголбанк төсвийн шинжтэй арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг үргэлжлүүлэх, зээлжих зэрэглэл буурах болон аливаа хоригт орох эрсдэлээс сэргийлсэн бодлогын тохируулгуудыг тухай бүрд нь авч хэрэгжүүлэхээр болсон аж. Засгийн газрын гадаад өрийг бууруулах хүрээнд гадаад зах зээлд гаргасан 650 сая ам.долларын бондод 9 дахин их санал ирсэн байна. Энэхүү өрийн зохицуулалтыг хийж чадаагүй бол олон улсын байгууллагуудтай хөтөлбөр хэрэгжүүлэх хэмжээнд хүрч, УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө цалин тэтгэвэр, хөрөнгө оруулалт, хүүхдийн мөнгийг танах хэмжээнд хүрэх байв. Бонд арилжигдсанаар 2023-2024 онд ирэх санхүү, эдийн засгийн хамгийн том эрсдэлийг хааж, дефолтоос бүрэн гарсан гэж Сангийн сайд онцолж байна. 


Түүнчлэн Олон  нийтийн сүлжээнд  хүний эрхийг хамгаалах  тухай хуулийн төслийг бүлгийн гишүүд үзэл баримтлалын хувьд дэмжих нь зүйтэй гэж үзжээ. Цагдаагийн байгууллагаас авсан тоон мэдээллээр 2022 онд цахим орчинд үйлдэгдсэн  нийт 8563 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 6865 буюу 80.2 хувь нь Улаанбаатар хотод, 1695 буюу 19.6 хувь нь орон нутагт, 3 буюу 0.04 хувь нь бусад газар буюу хилийн чанадад үйлдэгдсэн байна. Гэмт хэргийн хувьд төрлийн хувьд ангилж үзвэл, залилах, худал мэдээлэл тараах, кибер орчинд хууль бусаар халдах, хулгайлах, заналхийлэх, мөрийтэй тоглоом зохион байгуулах, хөрөнгө завших, хувь хүний нууцад халдах зэрэг хэрэг цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн дийлэнхийг эзэлж байна. Иймд УИХ-ын 2021 оны 12 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын  хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 82 дугаарт Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг Засгийн газар санаачлан боловсруулахаар заасны  дагуу Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулснаа ийнхүү танилцуулжээ. 


Related news