Ж.Байден, К.Фүмио нар аюулгүй байдал, дэлхийн эдийн засгийн асуудлыг хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-01-12 09:20:29

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Японы Ерөнхий сайд Кишида Фүмио нар нэгдүгээр сарын 13-ны баасан гарагт Цагаан ордонд болох яриа хэлэлцээний үеэр хамтын аюулгүй байдал, дэлхийн эдийн засаг, технологи, экспортын хяналтын асуудлыг хэлэлцэнэ гэж АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтан “Reuters” агентлагт мэдээлжээ. 


Түүний хэлснээр, Хятад руу хагас дамжуулагч экспортлоход хяналт тавих асуудлыг уулзалтын үеэр хэлэлцэнэ. Энэ асуудлаар АНУ Японтой нягт хамтран ажиллаж буй бөгөөд тэд энэ талаар ижил байр суурь баримталдаг гэж үзэж байгаа гэдгийг албаны хүн нэмж хэлжээ. "Хяналтын арга хэмжээг хэдий чинээ олон улс дэмжинэ, төдий чинээ үр дүнтэй байх болно" гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна. 


"Технологийн талаар, өөрсдийн энэ давуу талыг хадгалахын тулд зохих хяналт, хамгаалалтыг бий болгохын ач холбогдлыг хэлэлцэнэ" гэж АНУ-ын гүйцэтгэх засаглалын төлөөлөгч онцлон тэмдэглэжээ. 


К.Фүмио урьд нь экспортын хязгаарлалтаар дамжуулан дэвшилтэт хагас дамжуулагчийг ашиглах Хятад улсын боломжийг хязгаарлах Ж.Байдены оролдлогыг дэмжиж буйгаа мэдэгдэж байсан. Гэсэн хэдий ч тэрбээр АНУ-ын засаг захиргаа өнгөрсөн оны 10 дугаар сард тогтоосон чип үйлдвэрлэх тоног төхөөрөмжийн экспортыг үлэмж хэмжээгээр хязгаарлахтай санал нийлээгүй юм.


Аюулгүй байдлын асуудлуудын тухайд

АНУ-ын засаг захиргааны төлөөлөгчийн үзэж байгаагаар, БНАСАУ-аас учирч буй аюул занал, Хятад улс цэргийн хүчээ зузаатгаж байгаа болон Украин дахь мөргөлдөөн зэрэг нь Япон улсыг аюулгүй байдлын салбарт илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд хүргэжээ. Аюулгүй байдлын тухай Америк-Японы гэрээ өргөжиж, сансрын орон зайг хамарч эхэлнэ гэж тэрбээр хэлсэн байна. 


БНАСАУ-ын бодлого "стратегийн бодит байдлыг илт өөрчилсөн". Пёньян цөмийн туршилт явуулах магадлалыг "илүү тогтворгүй" болгож байна гэж албаны хүн үргэлжлүүлэн хэлжээ. Түүний  хэлж буйгаар, "Вашингтон энэ туршилтыг хэдийд ч болж магадгүй гэж тооцоолж байгаа аж. 


“Долоогийн бүлэг”-ийн орнуудад хийж буй Японы Ерөнхий сайдын айлчлал үргэлжилж байна. Тэрбээр одоогоор Франц, Итали, Их Британид айлчлаад байгаа бөгөөд энэ долоо хоногийн эцэст Канад, АНУ-д айлчилна. 


Япон улс энэ жил “Долоогийн бүлэг”-ийг даргалж байгаа юм. Тус бүлгийн дээд хэмжээний уулзалт тавдугаар сард Хирошима хотод болно.

Related news