“Долоогийн бүлэг”-ийн дээд түвшний уулзалтад Украины Ерөнхийлөгчийг урихаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-01-02 11:42:07

ТОКИО. /Nikkei/. Японы эрх баригчид тавдугаар сарын 19-21-ний өдрүүдэд Хирошима хотод болох “G7” буюу “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг цахим хэлбэрээр оролцохыг урихаар төлөвлөж байна гэж “Nikkei” сонин мэдээлжээ. 


Япон улс нь өнгөрсөн онд Германд болсон дээд хэмжээний уулзалтын нэгэн адил, түүнчлэн “Долоогийн бүлэг”-ийг даргалж буй орны хувьд Украины асуудлыг эрчимтэй хэлэлцэх нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байна. В.Зеленскийн хэлэх үг “Долоогийн бүлэг”-ийн орнуудын удирдагчдыг Украины өнөөгийн нөхцөл байдалтай танилцуулна гэж Токио үзэж байгаа аж. 


"Японы эрх баригчдын хувьд Украины асуудлаар “G7”-ийн орнуудтай үйл ажиллагаагаа уялдуулах нь Хятад, Тайванийн хооронд гарч болзошгүй зэвсэгт мөргөлдөөнд бэлтгэхэд чухал алхам юм. Ийм мөргөлдөөн гарсан тохиолдолд Япон улс шууд татагдан орж, АНУ, Европын орнуудын хамтаар ОХУ-д хэрэгжүүлсэнтэй адил Хятадын эсрэг түргэн шуурхай, хатуу хариу арга хэмжээ авна гэж Японы эрх баригчид үзэж байна" гэж “Nikkei” сонинд бичжээ.  


“G7”-ийн дээд хэмжээний уулзалтад Украинаас гадна, энэ онд "Хорийн бүлэг"-ийг /G20/ даргалж байгаа Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Зүүн-Өмнөд Азийн орнуудын холбоог /АСЕАН/ даргалах үүргийг хүлээн авсан Индонезын Ерөнхийлөгч Жоко Видодо нарыг урихаар төлөвлөж байна. 


Японы Ерөнхий сайд Кишида Фүмио нэгдүгээр сарын эхний хагаст “G7”-ийн орнуудад айлчлахаар төлөвлөж байна. Тэрбээр айлчлалаа нэгдүгээр сарын 8-ны орчимд эхлүүлж, Их Британи, Франц, Итали, Канадад айлчлах бөгөөд нэгдүгээр сарын 13-нд АНУ-д хүрэлцэн очих төлөвтэй байна. 


Related news