“China Media Group” энэ оны цэргийн гол үйл явдлаар Украин дахь мөргөлдөөнийг нэрлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-12-30 17:28:50

БЭЭЖИН. /China Media Group/. Хятадын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн гол байгууллага болох “China Media Group” улирч буй оны олон улсын цэргийн гол үйл явдлаар Украин дахь мөргөлдөөнийг нэрлэлээ. 


Цэрэг армийн сэдэвтэй холбоотой, 2022 оны гол арван мэдээний жагсаалтын нэгдүгээрт Украины хямрал бичигдлээ гэж Хятадын төв телевиз өнөөдөр мэдээлжээ. 


Уг жагсаалтын хоёр, гуравдугаарт, цөмийн зэвсэгтэй таван гүрэн болох Их Британи, БНХАУ, ОХУ, АНУ, Францын нэгдүгээр сард гаргасан хамтарсан мэдэгдэл болон Ж.Байдены засаг захиргаанаас хоёрдугаар сард танилцуулсан “Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн шинэ стратеги” орсон байна.  


Харин эхний тавд Японы үндэсний аюулгүй байдлын шинэчилсэн стратеги, мөн ОХУ-ыг эвслийн орнуудад учирч буй гол аюул занал, Хятадыг тэдэнд учирч буй сорилт хэмээн тодорхойлсон НАТО-ийн шинэ стратеги багтжээ. 


Жагсаалтын зургаадугаар байрт ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас нийтэлсэн Украин дахь АНУ-ын биологийн лабораторитой холбоотой үйл ажиллагааны талаарх баримт бичгүүд оржээ. Дараа нь Казахстан дахь үймээн самуун ба тус улсад явуулсан ХАБГБ-ын ажиллагаа бичигдсэн байна. 


Цэрэг армитай холбоотой шилдэг 10 мэдээний сүүлийг АНУ-ын ивээл дор Номхон далайд явуулсан “RIMPAC-2022” цэргийн сургуулилалт, сансар огторгуйг цэрэгжүүлэх АНУ-ын үйл явц хурдассан явдал болон НАТО-ийн цөмийн сургуулилалт мушгив. 


“China Media Group” мөн Коммунист намын ХХ их хурлын үеэр намын Төв Хорооны шинэ Цэргийн зөвлөл байгуулсныг  Хятадын дотоодын цэргийн гол үйл явдлуудыг нэрлэжээ. Түүнчлэн Хятадын армийн байлдааны бэлэн байдлыг цогцоор нь бэхжүүлэх БНХАУ-ын дарга Ши Жиньпиний уриалга, мөн АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн Тайваньд хийсэн айлчлал, энэ айлчлалтай холбогдуулан арлын бүсэд хийсэн Хятадын Ардын Чөлөөлөх Армийн цэргийн сургуулиудыг дотоодын цэргийн гол үйл явдлуудын жагсаалтад оруулсан байна. 


“China Media Group” нь БНХАУ-ын төрийн өмчит хэвлэл мэдээллийн гол корпорац юм. Түүний бүрэлдэхүүнд Хятадын төв телевиз, олон хэлээр нэвтрүүлгээ цацдаг CGTN телевизийн суваг, Хятадын үндэсний радио, Хятадын Олон улсын радио ордог.


Related news