К.Фүмио, Ж.Байден нар нэгдүгээр сард Вашингтонд уулзаж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-12-28 10:13:38

ТОКИО. /Yomiuri/. Япон болон АНУ-ын Засгийн газар хоёр улсын удирдагчдын Вашингтонд хийх уулзалтыг зөвшилцөж байна гэж "Yomiuri" сонин эх сурвалжаас эш татан мэдээлжээ. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентэй нэгдүгээр сарын 13-нд уулзаж магадгүй байна. 


Уулзалтын үеэр Ф.Кишида үндэсний аюулгүй байдлын шинэчилсэн стратеги болон НАТО-гийн жишгээр 2027 он гэхэд батлан хамгаалах зардлыг ДНБ-ий 2 хувьд хүргэж нэмэгдүүлэх төлөвлөгөөнийхөө талаар ярих төлөвтэй байна. Энэхүү төлөвлөгөөг Японы Засгийн газар энэ сард баталсан билээ.


Нэгдүгээр сарын эхний хагаст Японы Ерөнхий сайд мөн Их Британи, Франц, Италид айлчлахаар төлөвлөж байгаа аж. Эдгээр айлчлалын үеэр тэрбээр ирэх онд даргалах "Долоогийн бүлэг"-ийн /G7/ хүрээнд хоёр талын асуудал, хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээр төлөвлөж байна гэж "Yomiuri" сонин мэдээлжээ.



Related news