В.Путин: “Patriot” цогцолборыг Украинд нийлүүлэх нь мөргөлдөөнийг сунжрахад хүргэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-12-23 14:39:15

МОСКВА. /Anadolu/. Киевт агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах “Patriot” цогцолборыг нийлүүлэх нь Украин дахь мөргөлдөөнийг гагцхүү сунжрахад хүргэнэ гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ. 


Тэрбээр ийм мэдэгдлийг Залуусын талаарх бодлогын асуудал эрхэлсэн Төрийн зөвлөлийн хурлын дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр хийсэн байна. 


“"Patriot” бол нэлээд хуучирсан систем, манай С-300 шиг ажилладаггүй, "хор тайлах ерөндөг" үргэлж олддог" гэж Оросын удирдагч мэдэгджээ.


Түүний хэлснээр, Москва Украин дахь дайныг хурдан дуусгахыг эрмэлзэж байна. “Бидний зорилго бол цэргийн мөргөлдөөний энэ ээрцэг дугуйг эрчлэн эргүүлэх бус харин эсрэгээрээ энэ дайныг дуусгах юм. Бид энэ дайныг дуусгахыг эрмэлзэж байгаа, цаашид ч эрмэлзэх болно. Мөн хурдан байх тусмаа сайн. Одоо юу болж байгаа, яаж байгаа талаар би аль хэдийн олон удаа хэлсэн. Байлдааны ажиллагааг эрчимжүүлэх нь зөвтгөх аргагүй алдагдалд хүргэдэг" гэж В.Путин хэлжээ. 


“Бүх зэвсэгт мөргөлдөөн хэлэлцээрээр дуусдаг. Бид хэлэлцээ хийхээс хэзээ ч татгалзахгүй. Эрт орой хэзээ нэгэн цагт талууд суугаад тохиролцдог” гэж Оросын удирдагч нэмж хэлсэн байна. 


ОХУ-ын Ерөнхийлөгч мөн газрын тосны үнэд хязгаар тогтоосны хариуд авах арга хэмжээний тухай зарлигт ирэх долоо хоногийн эхээр гарын үсэг зурна гэдгээ мэдээлжээ. "Газрын тосны үнэд дээд хязгаар тогтоосны хариу нь урьдчилан сануулах арга хэмжээ байх болно. Учир нь энэ таазнаас ОХУ хохирол амсахгүй, бид ойролцоо үнээр газрын тосоо зардаг" гэж тэрбээр хэлсэн байна. 


Үүний сацуу тэрбээр газрын тосны үнэд хязгаар тогтоосныг "үнэ тэнгэрт хадаж болзошгүй” тул дэлхийн эрчим хүчийг тогтолцоог устгах зам гэж тодорхойлжээ. 

Related news