“Оскар”-ын шагналд нэр дэвшигчдийн “шорт-лист”-ийг танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2022-12-22 11:10:13

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн кино урлагийн академи “Оскар”-ын шагналын 10 төрлийн “шорт-лист”-д шалгарсан бүтээлүүдийг лхагва гарагт танилцууллаа. 


"Шилдэг бүрэн хэмжээний баримтат кино" төрөлд сонгон шалгаруулалтын шалгуурыг хангасан 15 кино "шорт-лист"-д багтсан бөгөөд тав нь уг шагналд нэр дэвших юм. 144 баримтат киноноос энэ жагсаалтад Канадын найруулагч Дэниел Роэрын бүтээсэн Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйгийн тухай "Navalny" (2022), Энэтхэгийн найруулагч Шаунак Сенийн "All That Breathes" (2022), Америкийн найруулагч Маргарет Брауны "Descendant" (2022), Америкийн найруулагч, сэтгүүлч Лора Потрайсын "All the Beauty and the Bloodflow" (2022), Бретт Моргенийн "Moonage Daydream" (2022) зэрэг бүтээлүүд шалгарчээ. 


Америкийн кино урлагийн академи мөн "Гадаадын шилдэг уран сайхны кино" төрөлд өрсөлдөх бүтээлүүдийн богино жагсаалтыг танилцуулав. Жагсаалтад найруулагч Сантьяго Митрегийн "Argentina", (1985, 2002), Австрийн кино найруулагч Мари Кройцерын "Corsage" (2022), Бельгийн Лукас Донтын "Saint Omer" (2022), түүнчлэн Франц, Камбож, Дани, Герман, Энэтхэг, Ирланд, Мексик, Марокко, Пакистан, Польш, БНСУ, Шведийн найруулагчдын бүтээл багтсан байна. 


Үүнээс гадна, “Шилдэг богино хэмжээний баримтат кино”, "Шилдэг нүүр будалт, үс засалт", "Шилдэг хөгжим", "Шилдэг дуу", "Шилдэг богино хэмжээний хүүхэлдэйн кино", "Шилдэг богино хэмжээний уран сайхны кино", "Шилдэг визуал эффект" төрөлд нэр дэвшигчдийн “шорт-лист”-ийг танилцуулжээ. 


"Оскар"-ын наадмын 95 дахь удаагийн шагнал гардуулах ёслол 2023 оны гуравдугаар сарын 12-нд болно гэж Америкийн кино урлагийн академийн хэвлэлийн алба урьд нь мэдээлсэн билээ. Шагналыг уламжлал ёслолоор Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Dolby” театрт гардуулна. Кино урлагийн хамгийн нэр хүндтэй шагналуудын нэгэнд нэр дэвшигчдийг нэгдүгээр сарын 24-нд зарлана. 

Related news