Нийслэлийн 2023 оны төсвийг баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-12-05 08:44:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын ээлжит хуралдаанаар нийслэлийн 2023 оны төсвийн төслийн 2 дахь хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн орлогын 2023 оны төлөвлөгөө нь өмнөх оныхоос 2.2, хүлээгдэж буй гүйцэтгэлээс 13.1 хувиар, 2021 оны гүйцэтгэлээс 46.7 хувиар нэмэгдсэн дүнтэй гарч байна.


Зардлын хувьд нийслэлийн 2023 төсвийн төсөлд урсгал зардлаас гадна нийтийн тээврийн парк шинэчлэл, тойрог замын бүтээн байгуулалт, 4 байршлын 10.2 км гол гудамж, зам, 930 метр урттай гүүрний барилга, 9 байршлын 12.3 км туслах зам, 30 метр урттай гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалт, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх зэрэг томоохон бүтээн байгуулалт багтжээ.


Төсвийн төслийг боловсруулахдаа татварын бүртгэлийг сайжруулах, цахимжуулах, цахим төлбөрийн баримтын системийг үе шаттай хөгжүүлэх замаар далд эдийн засгийг багасгах, татварын суурийг өргөжүүлэх, төсвийн орлогыг нэмэх арга хэмжээг үргэлжлүүлэх үндсэн бодлогыг баримталжээ. Мөн төсвийн бүх шатны байгууллага, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж, санхүүгийн сахилга батыг мөрдөх юм.


Хэлэлцүүлгийн үеэр нийслэл дэх Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор М.Эрдэнэжаргал 2023 онд төсвийн орлогоо нэмэх, зарлагыг багасгах аудитын дүгнэлтийг танилцуулахдаа,Төсвийн төсөлд татварын орлогыг нэмэхдээ дүүргүүдийн татварын мэдээллийн санд бүртгэгдээгүй үл хөдлөх хөрөнгийг бүртгэлжүүлж, татварын суурь баазыг нэмэх, нийслэлийн өмчийн байруудыг түрээслэх зэргээр орлого төвлөрүүлж болно. Мөн тэвчиж болох зардлыг танах боломжтой” гэв.


НИТХ-ын хороо, намын бүлгийн хуралдаанаар төсвийн төслийг хэлэлцсэний дүнд гаргасан санал, дүгнэлтийг танилцууллаа. Тухайлбал, НИТХ дахь МАН-ын бүлгээс Сэлбэ голын төслийн нэгжтэй холбоотой 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дэмжээгүй бол АН-ын бүлгээс  татварын бус орлогыг нэмэхэд гэр хорооллын газартай уялдуулан үнэт цаас гаргах, төр захиргааны шинэ байрыг худалдан борлуулж замын түгжрэлийг багасгахад зарцуулах, чиг үүрэг давхардсан орон нутгийн өмчит газруудыг татан буулгах, нэгтгэх зэргээр зардлыг бууруулах саналаа онцлов.


Түүнчлэн, НИТХ-ын 2022 оны тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах, Хувьчлалын жагсаалтаас хасах тухай, Ашиг орлогын хуваарилалт тогтоох, газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах зэргийг хэлэлцэж, тогтоолын төсөл гарган шийдлээ. Тухайлбал, нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд хамаарах 1369 төслийг хэрэгжүүлэхээр тусгажээ. Энэ сарын 1-ний байдлаар хэрэгжилт 91 хувьтай байна. Мөн нийслэлийн ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 856 төсөл хэрэгжүүлэх зэхэв. Мөн Сүхбаатар дүүрэг дэх Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн эзэмшиж буй газраас НЗДТГ-ын нэр дээр шилжүүлсэн 10.2 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авахыг хэлэлцэн баталжээ. 

 



 

 

 

Related news