Б.Чойжилсүрэн: Дулааныг борлуулж буй үнэ үйлдвэрлэдэг өртгийнхөө 40 хувьтай тэнцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2022-12-03 12:04:11
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанд мэдээлэл хийж, салбарын нөхцөл байдлын талаар танилцууллаа.  


Өнөөдрийн байдлаар, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем төвийн, өмнөд, баруун, дорнод, Алтай–Улиастайн гэсэн таван хэсгээс бүрдэж, нийт 330 гаруй сум, суурин газруудыг эрчим хүчээр хангаж байгааг салбарын сайд мэдээлэлдээ онцлоод сүүлийн хэд хоногт -30 градус давж хүйтэрсэн өдрүүдэд тухайлбал, 11  дүгээр сарын 29-ний өдрийн 19 цагт Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачаалал 1441 мегаватт хүрлээ.  Энэ нь өнгөрсөн оны хамгийн их ачааллаас 54 мегаваттаар буюу 4 хувь, өнгөрсөн оны мөн үеийнхээс 134 мегаваттаар буюу 10 хувиар их байна. Оргил ачааллыг эрчим хүчний салбар суурилагдсан бүрэн хүчин чадлаараа, нөөц тоноглолгүй ажиллаж, дээр нь ОХУ-аас 270 мегаваттын импортын цахилгаан эрчим хүч авч байж давлаа гэв.


Сүүлийн жилүүдийн оргил ачаалыг давахад Дулааны IV цахилгаан станцын 89, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын 35, Дарханы дулааны цахилгаан станцын 35 мегаваттын өргөтгөлүүд ашиглалтад орсон нь ихээхэн үүрэг гүйцэтгэж  байна. Монгол Улсын хэмжээнд 2022 оны эхний есөн сарын байдлаар 7.1 тэрбум киловатт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 6.5 тэрбум киловатт цаг цахилгаан эрчим хүчийг түгээсэн байна. Нийт түгээсэн цахилгаан эрчим хүчний 76.9 хувийг дотоодын эх үүсвэрүүдээс, 23.1 хувийг импортын цахилгаан эрчим хүчээр тус тус хангажээ.


Импортын цахилгаан эрчим хүчний 457.9 сая киловатт цаг буюу 29.3 хувийг ОХУ-аас, 1101.9 сая киловатт цаг буюу 70.7 хувийг БНХАУ-аас импортложээ.


Монгол Улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд дунджаар 7-8 хувиар өсөж, дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ жилд дунджаар 6-7 хувийн өсөлттэй байна. Өвлийн их ачааллын горим ажиллагааны үед дулааны цахилгаан станцууд нь бэлтгэл тоноглолгүйгээр, бүрэн хүчин чадлаараа ажиллах ба ОХУ-аас авах импортын шугамын дамжуулах чадал 345 МВт-аар хязгаарлагдах тул дотоодын цахилгаан станцуудын үндсэн тоноглолын болзошгүй гэнэтийн зогсолт, тасралт саатлын үед тухайн нэгж тоноглолын хүчин чадлаар хэрэглэгчдийг хязгаарлах техникийн арга хэмжээ авахаар төлөвлөснийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцуулгадаа дурдлаа.


Мөн тэрбээр мэдээлэлдээ, сүүлийн гурван жилийн хугацаанд үнэ тарифт өөрчлөлт оруулалгүй тогтвортой мөрдөж ирсний улмаас 2019 онд 59 тэрбум, 2020 онд 92 тэрбум, 2021 онд 78 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж, 2022 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 168.2 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны алдагдалтай ажиллахаар байна. Төвийн бүсийн дулааны цахилгаан станцуудад нүүрс нийлүүлдэг уурхайнууд энэ онд 109.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах урьдчилсан тооцоо гарлаа. Хэрэглэгчдийн цахилгаан, дулааны тариф бодит өртгөөс доогуур байгаатай холбоотойгоор эрчим хүчний компаниудын нүүрсний уурхай болон бэлтгэн нийлүүлэгч, банкны богино хугацаат зээл, зээлийн хүүгийн өглөг, авлага нэмэгдэж байна. Түүнчлэн дулааны цахилгаан станц, цахилгаан, дулаан дамжуулах түгээх, хангах компаниуд хөрөнгийн дутагдлаас шалтгаалж техникийн засвар, үйлчилгээг цаг тухайд нь хийхгүй байх нь насжилт өндөртэй, хуучин тоноглол бүхий үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд гэнэтийн аваар, саатал гарах эрсдэлийг нэмэгдүүлж хэрэглэгчдийн эрчим хүчний тасралтгүй, найдвартай байдлыг хангахад хүндрэл үүсгэх магадлалтай байна гэв.  


Эрчим хүчний салбарт сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 281 МВт-д буюу нийт суурилагдсан хүчин чадлын 18.3 хувийг эзэлж байна. Өнөөгийн байдлаар нарны эх үүсвэрээс үйлдвэрлэсэн 1 кВт.ц эрчим хүчийг 15 цент, салхины эх үүсвэрээс 9,5 центээр тус тус нэгдсэн сүлжээнд нийлүүлэн авч байгаа нь дулааны цахилгаан станцын 2,5 центийн өөрийн өртгөөс даруй 3-5 дахин өндөр байгаа ба хэрэглэгчийн тарифт 1 кВт.ц тутамд 23.7 төгрөгийн сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг нэмж байна. Тусгай зөвшөөрлөө сунгуулсан 11 нар, салхины эх үүсвэр шинээр ашиглалтад орсон тохиолдолд  дэмжих тарифыг 23.79 төгрөгөөс 2.1 дахин нэмэгдүүлж 57.39 төгрөг болгох ба ингэснээр салбарын нийт орлогын 44 хувийг сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдэд хуваарилах урьдчилсан тооцоо гарсан байна.


Дэлхий дахинаа техник, технологи хөгжих хэрээр нар, салхины эх үүсвэрийн үндсэн тоноглолуудын үнэ, өртөг буурч, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар өрсөлдөөнт сонгон шалгаруулалтын үндсэн дээр зохион байгуулснаар зардлыг бууруулах боломж бүрдсэнийг сайд мэдээлэлдээ онцоллоо.


Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2022-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд эрчим хүчний системийн нийт суурилагдсан хүчин чадлыг 1756 МВт-аар нэмэгдүүлэх төслүүдийг эхлүүлсэн. Дулааны цахилгаан станц IV-ийн хүчин чадлыг 46 МВт, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 35 МВт-аар нэмэгдүүлсэн. Ховд аймгийн Мянгад суманд 10 МВт-ын нарны цахилгаан станц ашиглалтад орлоо. Дорнодын дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлэх төсөл 2023 онд, Амгалан дулааны станцын хүчин чадлыг 116 Гкал/ц-аар нэмэгдүүлэх төсөл 2024 онд  ашиглалтад орно. Өмнөд бүсэд Тавантолгойн дулааны цахилгаан станц, Улаанбаатар хотод Дулааны гуравдугаар цахилгаан станцыг 300 МВт-аар өргөтгөх, оргил ачааллын үед ажиллах дулааны тархмал эх үүсвэрүүдийг барих төслүүдийн санхүүжилтын эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлагатай байна гэв.


Түүнчлэн Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастай, Сайншанд-Цагаансуварга, Чойр-Сайншанд, Мандалговь-Арвайхээр, Багануур-Чойр, Багануур-Налайх-Улаанбаатар, Багануур-Чингис-Чойбалсан чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамуудыг барихаар “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан. Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээг горим ажиллагааны хувьд тогтвортой, өөрийгөө зохицуулах чадвар бүхий систем болгон бүрдүүлэх нь салбарын тулгамдсан асуудал болж байна. Горим тохируулгын эх үүсвэртэй байх нь өдөр, шөнийн хэрэглээний горимыг зохицуулж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх төдийгүй дэлхийн хөгжлийн чиг хандлагатай нийцүүлэн сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх юм. Төвийн бүсэд Эгийн голын усан цахилгаан станцыг барих хэрэгцээ шаардлага байгаа бөгөөд Байгаль нуурын эко системд нөлөөлөх байдлыг тодорхойлох биологийн олон янз байдлын нөлөөллийн судалгааны ажил дууссан. Тайланг Дэлхийн өвийн хорооны хурлаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр төвийн бүсэд 200 МВт.ц багтаамжтай цэнэг хураагуурын төслийг Улаанбаатар хот дахь Сонгино дэд станцын дэргэд барих төслийг амжилттай эхлүүлээд байгаа гэсэн мэдээллийг өгөв.


Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн энэ үеэр Багануурын дулааны цахилгаан станц тойрсон асуудлаар мэдээлэл өглөө. Уг станцыг барихаар 2017 онд концессын гэрээ байгуулсан ч дараа нь янз бүрийн шалтгаанаар ажил зогссон. Одоогийн байдлаар концесс эзэмшигч компани нь уг төслөө үргэлжлүүлж чадахгүй гэдгээ бичгээр мэдэгдсэн гэдгийг тэрбээр тодотгов.


Улаанбаатар хотын дулааны шугам сүлжээний борлуулж байгаа өртөг нь үйлдвэрлэж байгаа өртгийнхөө 40 орчим хувьтай тэнцэж байна. Өөрөөр хэлбэл, 10 төгрөгөөр үйлдвэрлээд 4 төгрөгөөр зарж байна.


“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 130 тэрбум төгрөгийн борлуулалт хийнэ. Ийм доогуур үнээр эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт хийх ойлголт байхгүй. Тийм учраас бид үнэ нэмсэн. Гэхдээ эдийн засгийн уналт, иргэдийн төлбөрийн чадвар хангалттай бус байгаа тул дулаан, цахилгааны хэрэглээний үнийг нэмээгүй. Харин аж ахуйн нэгж, төсөвт байгууллагын цахилгаан, дулааны үнийг нэмэгдүүлсэн. Цахилгаан, дулааны үйлдвэрлэлийн зарлага нь зах зээлийн зарчмаар, орлого нь тохируулгатай яваад байвал цаашид салбар нь дампуурах аюултай тул үнэ нэмэгдүүлэх алхамыг хийсэн гэдгийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээллийнхээ төгсгөлд тодотголоо.

Related news