ХОВД: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 7.4 хувь нь хөдөлмөр эрхэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-11-30 15:12:36

Ховд /МОНЦАМЭ/. Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр жил бүрийн 12 дугаар сарын 3-нд тохиодог.

Энэхүү өдрийг угтсан “Бэрх биш-Ээлтэй”  сэдэвт  уулзалт, өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа. 

Ховд аймагт 2968 хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байгаа нь нийт хүн амын 3 хувийг эзэлж байна.   

Үүнээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд 310, байнгын асаргаа шаардлагатай 475 иргэн байгаа бөгөөд нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 7.4 хувь нь одоогоор ажил хөдөлмөр эрхэлж байна.

Харин 1000 гаруй иргэн эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа юм. Иймээс цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудалд анхаарч, ажлын байрыг нэмэгдүүлэх, нийгмийн халамжийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах нь хамгийн чухал.

Мөн судалгаанаас үзэхэд, энэ хичээлийн жилд хөгжлийн бэрхшээлтэй 160 хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа бол ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөгөөр 68 хүүхэд хичээллэж байна. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах чиглэлд мэргэжлийн байгууллагууд анхаарч ажиллах хэрэгцээ, шаардлага байгааг харуулсан үзүүлэлт аж.

Түүнчлэн “Хүн бүрд ээлтэй, хүртээмжтэй Ховд” аяны хүрээнд албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дунд судалгаа явуулахад хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь нийгмийн харилцаанд эрх тэгш оролцох, ажиллаж, амьдрах хүртээмжтэй, ээлтэй орчин нөхцөл бүрдээгүй. Хамгийн энгийн жишээ дурдахад тэргэнцэртэй хүн явахад зориулсан налуу зам байхгүй, хангалтгүй гэсэн дүгнэлт гарчээ. Иймээс цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй хот төлөвлөлт, дэд бүтцийг бий болгох, хүртээмжтэй орчныг бүрдүүлэх, бэрхшээлийг боломж болгох нь хамгийн чухал гэдгийг энэ удаагийн уулзалт, өдөрлөгийн үеэр мэргэжилтнүүд онцоллоо.    

Мөн  хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах чиглэлээр гарсан хууль тогтоомж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн аймаг орон нутгийн хөтөлбөр,  хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хийж буй үйл ажиллагааны талаар албаныхан мэдээлэл хийж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэнд, нийгмийн халамжийн тусламж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, олон нийтийн хандлагыг өөрчлөхтэй холбоотой нөлөөллийн үйл ажиллагаануудыг зохион байгуулахаа илэрхийллээ.

Энэ удаагийн үйл ажиллагаанд Ховд аймгийн ЗДТГ, Жаргалант сумын ЗДТГ, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Норвегийн тусламжийн байгууллагын төлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эцэг эхчүүдийн төлөөлөл өргөнөөр оролцож, санал солилцов.  

Мөн нэр бүхий иргэдийг шагнаж урамшуулахын зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өөрсдийн гараар урлан хийсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргав.  

Related news