БНАСАУ-ын удирдагчийн охин дахин олны өмнө гарч иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-11-28 10:58:09

ПЁНЬЯН. /AP/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны охин дахин олны өмнө гарч иржээ. Энэ удаа пуужин бүтээхэд оролцсон албаны хүмүүстэй уулзсан түүнийг аавынхаа “хамгийн хайртай охин” хэмээн тодорхойлжээ. Дөнгөж 10 орчим настай ч зоримог төрхтэй шинэ зургууд нь түүнийг залгамжлагчаар томилох эсэх талаарх маргааныг улам гүнзгийрүүлж байна.


Ким Жөн Уны хоёр дахь хүүхэд болох 9, 10 орчим настай Жү Э гэж үзэж байгаа охин тив алгасагч баллистик пуужингийн туршилтыг эцэг эх болон бусад өндөр албан тушаалтнуудын хамтаар үзсэнийг харуулсан гэрэл зургуудыг БНАСАУ-ын төрийн мэдлийн хэвлэл 11 дүгээр сарын 19-нд нийтэлсэн юм.


Улмаар ням гарагт Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээндээ охины талаар хоёр дахь удаагаа дурдаж, түүнийг удирдагчийн хамтаар “Хвасон-17” тив алгасагч пуужинг туршилтаар харвахад оролцсон эрдэмтэд, албаны төлөөлөгчид тэргүүтэй хүмүүстэй хамт зургаа авхуулсан талаар мэдээлжээ.


KCNА” охины талаар энэ удаа мэдээлэхдээ Ким Жөн Уны “хайрт охин” хэмээх өмнөх тодорхойлолтоосоо илүү хүндэтгэсэн байдалтайгаар “хамгийн хайртай” хүүхэд хэмээн тодорхойлсон байна. Гэрэл зургуудаас үзэхэд охин урт, хар өнгийн хүрэм өмсөж, аавынхаа гараас сугадсан байжээ. 

Related news