Монгол Улс, БНХАУ-ын харилцааны шинэ цагийн түүх

ТОЙМ
batbold.sh@montsame.gov.mn
2022-11-28 07:43:25
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 11 дүгээр сарын 27-28-нд  БНХАУ-д төрийн айлчлал хийж байна. Энэхүү айлчлалтай холбогдуулан Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагааны талаарх тойм-лавлахыг хүргэж байна

         Шат шатаар ахиулсан улс төрийн харилцаа

Монгол Улс, БНХАУ-тай одоогоос 73 жилийн өмнө буюу 1949 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд 1950 онд Улаанбаатар, Бээжин хотноо тус тус Элчин сайдын яамаа харилцан нээсэн юм. 


Шинэ Хятад улс байгуулагдахад манай улс хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрч, эрх тэгш дипломат харилцаа тогтоосон цөөн улсын нэг. Өнгөрсөн 70 гаруй жилийн хугацаа бол хөрш зэргэлдээ манай хоёр улсын хувьд харилцааны олон үе шатыг давж, өдгөө найрсаг харилцаанд хүрч чадсан бодит түүх гэж хэлж болно.  




2011 оноос Стратегийн түншлэлийн харилцаатай болоод байсан манай  хоёр улс БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2014 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал ”-д гарын үсэг зурснаар иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай болсон. Ингэж Монгол, Хятадын улс төрийн харилцаа ахисан түвшинд хүрсэн байдаг. Хоёр улсын хамтын ажиллагааны агуулга сэдэв нь нийгэм эдийн засгийн хөгжлийн асуудлыг хөнддөг, ойлголцож хамтардаг шинэ цагийн түнш улсууд болсон гэсэн үг.




Энх тайвнаар зэрэгцэн орших хамтын гэрээт хөршүүд 

Монгол, Хятад улсын хувьд улс төр, худалдаа эдийн засаг, соёл хүмүүнлэгийн гэх мэт олон салбарт хамтран ажилладаг, харилцаа холбоо, хамтын ажиллагааны өргөн боломжийг бий болгосон, орчин цагийн нээлттэй харилцааг эрхэмлэдэг найрсаг харилцаат хөршүүд. Манай хоёр улсын хувьд харилцаагаа хамгийн таатай үедээ хөгжиж байгаа гэж онцлон дүгнэдэг.

1994 онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг байгуулсан. 

Уг гэрээнд:

“Хэлэлцэн тохирогч талууд бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, харилцан үл довтлох, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх, энх тайвнаар зэрэгцэн орших зарчмын үндсэн дээр хоёр улсын сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлнэ” гэж заасан. Гэрээний энэхүү заалт нь хоёр улсын харилцааны үндсэн тулгуур зарчим болж өгдөг юм.

Хоёр улсын өндөр дээд түвшний харилцан айлчлал ялангуяа сүүлийн жилүүдэд нэлээд тогтмолжиж байгаа нь улс төрийн харилцан итгэлцэл бэхжихэд ихээхэн түлхэц болж байгаа гэж улс төрийн хүрээнийхэн үздэг.


Харилцан хийсэн гол айлчлалууд  

Монголын талаас:

1998, 2004, 2005, 2010 онуудад тухайн үеийн төрийн тэргүүнүүд, мөн 2015 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, 2019, 2020 онд Ерөнхийлөгч Х.Баттулга,

-     1994, 2000, 2008, 2014 онд УИХ-ын дарга

1992, 1996, 1999, 2002, 2006, 2009, 2011, 2013 онуудад тэр үеийн Ерөнхий сайд нар тус тус айлчилсан байдаг.




Харин сүүлийн жилүүдэд Ерөнхий сайд нарын хийсэн айлчлалыг тодруулбал, 2017 онд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Нэг бүс Нэг зам " олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад, 2018 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан ёсны айлчлалынхаа хүрээнд Боаогийн Азийн эдийн чуулга уулзалтад оролцсон юм. Хамгийн сүүлд буюу 2022 оны Бээжингийн өвлийн олимпын наадмын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д ажлын айлчлал хийсэн.

Гадаад харилцааны сайд нарын хувьд 1989, 1997, 2000, 2008, 2009, 2012, 2014, 2015, 2017, 2019, 2021 онуудад урд хөршид айлчилжээ. 




Хятадын талаас:

-          1991, 1999, 2003, 2014 онд Улсын дарга

-          2008, 2019 онд Улсын дэд дарга

-          1997, 2013, 2022 онд БХАТИХ-ын Байнгын хорооны дарга

-          1954, 1960, 1994, 2010, 2016 онд Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд 

-          1989, 1997, 2001, 2007, 2011, 2014, 2018, 2020, 2022 онд Гадаад хэргийн сайд

-          2016 онд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны НБД нарын газрын дарга Люй Юньшань

-         2018 онд ХКН-ын Төв хорооны Улсын төрийн товчооны гишүүн, Тяньжин хотын Намын хорооны Нарийн бичгийн дарга Ли Хунжун

-          2019 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ы АЗГ-ын тэргүүлэгч Бу Шяолин нар тус тус манай улсад айлчлан ирсэн байна.






Хоёр талын Засгийн газар хоорондын, ГХЯ-д хоорондын яриа хэлэлцээ, зөвлөлдөх уулзалт, форум, мөн худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн гэх мэт олон салбарын уулзалтууд тасралтгүй үргэлжилсээр ирсэн. Хамгийн сүүлийн үеийнхээс дурьдвал, Монгол, Хятадын Хэвлэл мэдээллийн форум, Монгол, Хятадын Хүмүүнлэгийн солилцооны зөвлөл, Ковид-19-тэй тэмцэх, урьдчилан сэргийлэх Монгол-Хятадын хамтын ажиллагааны арга хэмжээнүүд болж өнгөрсөн байна. 


Улам өргөжиж байгаа Хятад улстай хийх худалдаа эдийн засгийн харилцаа 

Сүүлийн жилүүдэд хоёр улсын хоорондын худалдааны эргэлт, хөрөнгө оруулалтын хэмжээ тогтвортой өсөн нэмэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл урд хөрштэй хийж буй манай улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээ байнга өргөжин тэлсээр байна.

Ер нь хоёр улсын хувьд харилцаа, хамтын ажиллагаандаа ач холбогдол өгч ирсний зэрэгцээ цаашид харилцаагаа илүү өргөн хүрээнд хөгжүүлэх, үр ашигтай хамтрах бодлого баримталж байдаг юм. Үр ашигт харилцааны хамгийн чухал хэсэг нь худалдаа эдийн засгийн хувьд ухаалаг тооцоотой хамтрах явдал. Цаашид урд хөрштэйгөө зөвхөн уул уурхайн салбарын бүтээгдэхүүн экспортоор хамтрах бус худалдааны бүтэц, төрлийг нэмэгдүүлж сайжруулах бодлого хэрэгжүүлэх шаардлага манайд бий болсоор байна.

 

2021 оны эцсийн гүйцэтгэлээр: БНХАУ-тай хийсэн нийт худалдааны хэмжээ 10.1 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 37.1 хувь өссөн байна. Үүнээс БНХАУ-тай хийсэн экспорт 7.63 тэрбум ам.доллар, өнгөрсөн оны мөн үеэс 39.1 хувиар өссөн, импорт 2.49 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 31.5 хувиар өссөн  дүнтэй байна.

 

2022 оны 6 дугаар сарын байдлаар:  БНХАУ-тай хийсэн нийт худалдааны хэмжээ 5.74 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14.8 хувьд хүрч өссөн байна. Үүнээс БНХАУ-тай хийсэн экспорт 4.37  тэрбум ам.доллар буюу нийт экспортын 82.4 хувь, импорт 1.37 тэрбум ам.долларт хүрсэн нь нийт импортын 34.7 хувийг эзэлж байна.

Экспортын гол бүтээгдэхүүнд: зэсийн хүдэр, баяжмал нийт экспортын 43.8 хувийг эзэлж байна. Чулуун нүүрс 42 хувь, төмрийн хүдэр, баяжмал 4.4 хувь, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн гаралтай бараа бүтээгдэхүүн, мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн орж байна.

Импортын гол бүтээгдэхүүнд: газрын тосны бүтээгдэхүүн (1%), аж үйлдвэрийн болон уул уурхайн механизм (4.3%), нэхмэл эдлэл, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, барилгын материал, сав баглаа боодол зэрэг орж байна. 

Манайд хөрөнгө оруулсан орнуудаас Хятад улс голлох байр суурийг эзэлдэг. 




1990-2019 онд Монгол Улсад БНХАУ-ын зүгээс нийт 5.4 тэрбум орчим ам.доллар, үүнээс 2019 оны байдлаар Монгол Улсад БНХАУ-ын зүгээс 18 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн ба энэ нь өмнөх оноос 59 сая ам.доллараар буурсан үзүүлэлттэй байна. БНХАУ-аас манай улсад оруулсан шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нийт ГШХО-ын 19 хувийг эзэлж байна. Монгол улсад бүртгэлтэй БНХАУ-ын нийт 7543 гаруй аж ахуйн нэгж байна гэсэн судалгаа тоо бий. 


Үр ашгаа өгсөн БНХАУ-ын буцалтгүй тусламжууд

БНХАУ-ын Засгийн газраас олгосон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлсэн төслүүд нь Монгол Улсын нийгэм, эдийн засаг, ард иргэдийн амьдралд дэм тусаа өгч ирсэн.


1950-1960-аад оны үед БНХАУ-аас Монгол Улсад буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн шугамаар зам гүүр, орон сууцны хороолол, үйлдвэр завод, цахилгаан станц зэргийг барьж өгсөн нь өнөөдөр ч ашиглагдсаар байна.


Улаанбаатар хотод л гэхэд Улсын их дэлгүүр, Энхтайвны гүүр, Биеийн тамир, спортын ордон, Гуравдугаар цахилгаан станц, Улаанбаатар-Налайхын автозам, Налайхын шилний үйлдвэр, Сэлэнгэ аймагт чүдэнзний үйлдвэр, Хархорины усжуулах суваг гээд олон жишээг дурдаж болно. 


Өнөөдөр ч тусламжаар босох бүтээн байгуулалтууд үргэлжилж байгаа. Хамгийн сүүлийнх нь л гэхэд тус улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр баригдаж, Монгол орны баруун бүсийг цахилгаан дулаанаар бүрэн хангах дэд бүтцийн том бүтээн байгуулалт болох Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станц.

 

1956 он болон 1960 онд 36.0 сая рублийн буцалтгүй тусламжийг тус улсаас манайд үзүүлснээс хойш тус улсаас манайх хүнсний бараа, гурил будаанаас өгсүүлээд зудын гамшгийн үеэр хэрэглэх бараа материал, шатахуун, доллар, юанийн асар их буцалтгүй тусламжийг авсан.  Ялангуяа 1990-ээд оноос хойших тусламжийг жагсаан тоочвол маш урт жагсаалт болно.


Урд хөршөөс авч байсан буцалтгүй тусламжийн заримаас дурдахад:

-1998 онд 30 сая юанийн буцалтгүй тусламжийг “Ахмадын болон төрийн албан хаагчийн орон сууцны төсөл”-д ашигласан,

-2000 онд зудын гамшигт нэрвэгдсэн малчдад зориулж 20 мянган ам. доллар

-2001 онд малын өвчнийг эмчлэхэд зориулж 2 сая юань

-2001 онд 45 сая юанийн буцалтгүй тусламжийн 7 сая юанийн хөрөнгийг ахмадын болон төрийн албан хаагчдын орон сууцны төслийн дутагдсан хэсэгт зарцуулсан. 

-2002 онд Ахмадын болон Төрийн албан хаагчдын орон сууцны төслийн хөрөнгө,  

-2003 онд зудын гамшгийг даван туулахад зориулан хүнсний тусламж,  

-2003 онд 50 сая юанийн буцалтгүй тусламж Замын-Үүд, Эрээнийг холбосон авто зам барьсан.

-2003 онд 30 сая юанийн буцалтгүй тусламжаар Энхтайвны гүүрийг зассан. Ердөө л 2008-2010 оны хооронд л гэхэд бараг арваад удаагийн буцалтгүй тусламж авсан байдаг.


Үүнээс хойш тусламжийн цуваа тасрахгүй явсаар 2018 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр 600 сая юань, 2019 онд Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын үеэр 700 сая юань, 2020 онд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлалын үеэр 700 сая юань манай улсад буцалтгүй тусламж болон иржээ. 

       

Дэд бүтцэд ашиглагдсан зээлийн хөрөнгөнүүд

Хятад улсаас олгосон зээлийн хэмжээ мэдээж их бөгөөд ер нь БНХАУ-ын Засгийн газраас олгосон хөнгөлөлттэй зээлийг голчлон дэд бүтцийн салбарт ашиглах бодлоготой явж ирсэн байдаг.

 

1958 онд 22,5 сая шилжих рубль, 1960 онд 45,0 сая шилжих рублийн зээлийг Хятад улсаад манайд олгож байжээ. Энэхүү зээлийн хөрөнгөөр Улаанбаатарын биеийн тамирын ордон, төв цэнгэлдэх хүрээлэн, Яармагийн гүүр, 50 мянган ам.метр талбай бүхий орон сууц, Толгойтын цахилгаан станц, Шувуун фабрик, Архангайн урд Тамир, Булганы Орхон, Сэлэнгийн төмөр бетон гүүрнүүд, Зүүнхараагийн спирт бал бурмын комбинат, Улаанбаатарын тосгоны үйлдвэрийг  барьж ашиглалтад оруулсан юм. 


1991 онд 50 сая, 1992 онд 30 сая, 1994 онд 50 сая юанийн зээлийг БНХАУ-ын Засгийн газраас тус тус олгосон бөгөөд тэдгээрийг шаардлагатай бараа материал худалдан авах, төслүүдийг санхүүжүүлэх зэрэг чиглэлээр бүрэн авч ашигласан. 2001 болон 2005 онд олгосон нийт 200 сая юанийн хөнгөлөлттэй зээлийг Сүхбаатарын цайрын орд газарт ашиглахаар хоёр улсын Засгийн газар хооронд тохиролцож төслийг хэрэгжүүлсэн. 2003 онд 300 сая ам.доллар, 2010 онд 500 сая ам.доллар, 2014 онд 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсон байдаг. Мөн 2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний айлчлалын үеэр ирэх 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоо мэдэгдсэн. 2015 онд зээлийн ерөнхий хэлэлцээр байгуулсан гэх мэтээр уртаас урт жагсаалт хөвөрч байна.

                                   

 Хүмүүнлэгийн болон бусад харилцааг орхилгүй хөгжүүлж ирэв

Хэдийгээр одоо цар тахлын нөхцөл байдал үүсч харьцангуй хязгаарлалттай болсон ч энгийн үед хоёр улсын иргэд хоорондоо чөлөөтэй зорчдог, иргэдийн бизнесийн болон аялал жуулчлалын харилцаа холбоо ч чамгүй хөгжиж байгааг дурдаж болно.

Хоёр улсын хооронд жилд дунджаар давхардсан тоогоор 1.3 сая хүн харилцан зорчдог. Үүнээс 1 сая нь Монгол Улсын иргэн, 300 мянга нь Хятад Улсын иргэд байдаг гэсэн хамгийн сүүлийн үеийн тоо судалгаа байна. 

Харилцан аялал, айлчлал, сургалтыг салбар бүрийн ажилтан, залуусын дунд зохион байгуулах, мөн оюутан суралцуулах тэтгэлэгт болон бусад төрлийн хөтөлбөрүүд жилээс жилд нэмэгдэж байна. 


Манай улсын бараг бүх аймаг, мөн зарим дүүрэг  Хятадын болон ӨМӨЗО-ны аймаг хотуудтай орон нутгийн найрсаг харилцаа тогтоон нутаг орны хөгжлийн туршлагаас солилцдог. Хамгийн анх 1991 онд Улаанбаатар хот Хөххоттой найрсаг харилцаат хотууд болж байсан бол хамгийн сүүлд Улаанбаатар  БНХАУ-ын Чунчин хоттой найрсаг харилцаа тогтоосон байна. 

  Боловсрол, шинжлэх ухааны салбарын харилцаа

2021-2022 оны хичээлийн жилд л гэхэд Хятадын Их, дээд сургуульд суралцаж буй Монгол оюутны тоо 11000-д хүрчээ. БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгийг жилдээ 70 орчим оюутанд олгож, харин БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт жилд 100 орчим оюутан хамрагдаж байна.

Соёлын харилцаа

1994 онд Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд соёлын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулсан. Ингээд хоёр улсын Засгийн газрын хоорондын хэлэлцээрийн дагуу 2010 онд Хятадын соёлын төвийг Улаанбаатар хотод байгуулсан. 


Хоёр улсын соёлын өдрүүдийг Улаанбаатар, ӨМӨЗО, Бээжин хотноо зохион байгуулдаг болж, соёл урлагийн байгууллагууд хамтран ажиллах, сургалт хөтөлбөрүүдэд хамрагдах явдал  чөлөөтэй, нээлттэй болж иржээ. Хамгийн сүүлд "Сонгодог бүтээлийг орчуулах болон хэвлэх тухай Монгол Улсын Соёлын яам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Үндэсний хэвлэл мэдээлэл, хэвлэлтийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг"-ийг 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан. 

Батлан хамгаалах салбарын харилцаа

Хоёр улсын цэргийн харилцаа 1990 он хүртэл ерөнхийдөө 30 шахам жил тасарсан байдаг.  БНМАУ-ын ГЯЯ-ны сайд Ц.Гомбосүрэн 1989 онд БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ Хятадын ГЯЯ-ны сайд Цянь Цичэнд хоёр улсын цэргийн харилцааг сэргээх саналыг албан ёсоор тавьж байж. Монгол Улсын БХЯ-ны урилгаар 1990 оны 9 дүгээр сард БНХАУ-ын БХЯ-ны Гадаад харилцааны ерөнхий газрын дарга, хошууч генерал Фу Зяпин манай улсад айлчлал хийснээр хоёр талын цэргийн харилцаа сэргэх эхлэл тавигдсан юм.


Батлан хамгаалахын сайд Д.Дорлигжав 1997 онд Хятадад айлчлах үеэр “Монгол Улсын БХЯ, БНХАУ-ын БХЯ хоорондын хамтын ажиллагаа, солилцооны тухай Протокол”-д гарын үсэг зурж, хоёр талын цэргийн харилцаа, хамтын ажиллагааны хэм хэмжээг зохицуулсан албан ёсны баримт бичигтэй болсон. 


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 онд БНХАУ-д төрийн айлчлал хийх үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын 500 цэргийн алба хаагчийг үргэлжлүүлэн Хятадын цэргийн их дээд сургуульд суралцуулна хэмээн амласны дагуу жил бүр 100 гаруй цэргийн алба хаагч мэргэжил дээшлүүлэх дамжаа, бакалавр, магистр, докторын зэргийн сургалтад хамрагдахаар тохирч хэрэгжүүлж байна. 


2019-2020 оны хичээлийн жилд Хятадын цэргийн их дээд сургуульд монголын зэвсэгт хүчнээс 60, хилийн цэргээс 45, нийт 105 сонсогч суралцсан бол 1996-2019 онд манай зэвсэгт хүчин, хилийн цэргийн нийт 765 сонсогч Хятадын цэргийн их дээд сургуульд мэргэжил дээшлүүлсэн байна.

Хоёр улсын хамтын харилцааг зохицуулсан 200 гаруй гэрээ бий

1949-1962 онд хоёр талын харилцаа шинээр төлөвшин хөгжиж, 1960 онд Найрамдал, харилцан туслалцах тухай гэрээ, 1961 онд Худалдааны гэрээ, 1962 онд Хилийн гэрээ, зэрэг хоёр орны харилцааны эрх зүйн үндэс суурийг тавьсан гэрээ байгуулагдсан юм.


1949-2015 онд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудыг зохицуулсан 450 гаруй гэрээ байгуулагдсанаас өнөөдөр 200 гаруй гэрээ нь хүчин төгөлдөр үйлчилж байна.

Тэдгээр гол гэрээ, хэлэлцээрүүдээс тун цөөнийг тоймлон дурдвал:

  • Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр /1955/,
  • Хилийн гэрээ /1962/,
  • Иргэний агаарын тээврийн тухай хэлэлцээр /1989/,
  • Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр /1991/, 
  • Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай хэлэлцээр /1993/,
  • Гэмт этгээдийг шилжүүлэх өгөх тухай гэрээ /1997/,
  • Хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр /2004/,
  • Монгол Улсын Сангийн яам, Хятадын хөгжлийн банк корпорацийн хоорондын санхүүгийн хамтын ажиллагааны тухай ерөнхий хэлэлцээр /2009/
  • Эрдэс баялаг, эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай /2009/,
  • Монгол Улс, БНХАУ-ын хооронд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал /2014/
  • Монгол Улс Хятад Улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр /2014/
  • Монгол Улс, БНХАУ хооронд цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл /2021/
  • Мөн 2022 оны 2 дугаар сард Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан мэдэгдэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ дахь айлчлалын хүрээнд гаргасан юм.

Хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа бүх салбарт харилцан ойлголцож, тогтвортой жигд хөгжиж байгаа нь хөршүүдийн найрсаг бодлого хэрэгжиж буйн илрэл гэж дүгнэж болно. Цаашид ч харилцаанд тулгарах асуудалгүй, хэлэлцээнд учрах саадгүй нээлттэй, ил тод байдлаар хамтардаг байх нь эрхэм чухал билээ.


Эх сурвалж: ГХЯ. Монгол Улс, БНХАУ-ын харилцааны товч лавлах

Related news