Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт үйлчилж эхлээгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-11-25 12:38:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ)-ноос гэр хороолын хэрэглэгчдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг энэ онд үргэлжүүлэхээр шийдвэрлэсэн. Ирэх оны төсөвт дээрх хөнгөлөлтөд 34.5 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа юм.


Мөн ЭХЗХ эрчим хүчний салбарын алдагдалтай ажиллаж буй өнөөгийн хүнд нөхцөл байдлыг харгалзан ААН, байгууллагын цахилгаан, дулааны үнийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Гэвч дээрх хоёр шийдвэр өнөөдрийг хүртэл хэрэгжиж эхлээгүй байна. Учир нь тус хорооны шийдвэрийг ХЗДХЯ баталгаажуулаагүй буюу албажуулаагүйгээс хүлээгджээ. Энэ талаар ЭХЗХ-ны Ажлын албаны дарга Б.Болор-Эрдэнээс тодруулав.


Тэрбээр, Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан, эрчим хүчний тарифыг 100 хувь хөнгөлөх шийдвэрийг 2017 оны долдугаар сард гаргасныг тодотголоо. Улмаар 2020 онд аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай төв суурин газрын гэр хороолын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг мөн 100 хувь хөнгөлөхөөр болсон. Энд Улаанбаатар хот болон 21 аймгийн төв, Харинхорин, Замын-Үүд, Мандал, Булган гэсэн 4 суурин сум хамрагдаж буйг онцоллоо.


Дээрх хөнгөлөлтийн тарифын зөрүү татаасыг УИХ хэлэлцэн ирэх оны төсөвт багтаан 11 дүгээр сарын 11-нд баталсан. Үүний дагуу ЭХЗХ хугацаа алдахгүй гэдэг байдлаар хөнгөлөлтийг үргэлжлүүлэх шийдвэр бүхий тогтоолоо тухайн сарын 14-нд гаргажээ.


Гэр хорооллын хэрэглэгчдийн шөнө, оройн цахилгааны хэрэглээний тарифыг хөнгөлөх шийдвэр ирэх онд бүрэн хэрэгжинэ.




Захиргааны ерөнхий хуулийн дагуу дээрх шийдвэр албажих шатандаа яваа аж. 


“Манайх тогтоолоо ХЗДХЯ-нд яаралтай хүргүүлсэн. Яам хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгэх, дээр нь эрх зүйн хэм хэмжээний актын эмхэтгэлд хэвлэгдсэний дараа нийтэд дагаж мөрдүүлж албажуулна. Ингэснээр хэрэгжинэ” гэдгийг тэрбээр тодотголоо. 


Ийм учраас жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс эхэлдэг гэр хороолын хэрэглэгчдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт өнөөдрийг хүртэл хэрэгжиж эхлээгүй байна.

-Энэ жилийн хувьд хөнгөлөлт ХЗДХЯ-ны баталгаажилтыг хүлээж байна. Тэгвэл өмнөх онуудад хугацаандаа хэрэгжээд явдаг байсан нь юутай холбоотой байв? Энэ талын тогтоолыг жил бүр баталж баталгаажуулдаг юм уу?

-Өмнө нь энэ талын төсөв улсын төсөвт тусгагдаад явдаг байсан. Энэ жил төсөвт тусгаж батлагдтал жаахан хугацаа алдаад байна. Үүнтэй холбоотойгоор хойшлогдоод байна. Анх гаргасан Засгийн газрын 129 дүгээр тогтоолд ЭХЗХ жил бүр хүйтний улирлын халаалтын журам, хэрэглээний хягзаарлалтыг тогтоож хөнгөлж байхаар заасан.


-Тогтоолоор хөнгөлөлтийг жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс дараа оны 4 дүгээр сарын 1 хүртэл үзүүлж үйлчилдэг. Гэтэл өнөөдөр дээрх хугацаанаас 25 хоног өнгөрөөд байна. Энэ хугацааны хөнгөлөлтийг хэрэглэгч нарт нөхөн үзүүлэх үү?

-Тогтоол албажсан өдрөөс хэрэгжээд явна. Өөрөөр хэлбэл хөнгөлөлтийг нөхөн үзүүлэхгүй. Төсөвт хөнгөлөлтийн зөрүүний татаас олгогдохгүй бол эрчим хүчний салбар үйл ажиллагаагаа явуулж чадахгүй хэмжээнд очно. Үүнтэй холбоотой юм.


-Энэ онд ААН, албан байгууллагын цахилгаан, дулааны үнийг нэмж байгаа. Энэ шийдвэр хэрэгжиж эхэлсэн үү?

-Цахилгаан, дулааны тарифыг өнөөдөр зайлшгүй өөрчлөх шаардлага үүссэн гэдгийг юуны өмнө хэлэх хэрэгтэй. Тодруулж хэлбэл эрчим хүчний үнэ, тарифыг хамгийн сүүлд 2019 онд баталсан. Үүнээс хойш өөрчлөгдөөгүй. Тиймээс өнөөдөр хэрэглэгчийн нэг квт/цаг нь 175 төгрөг байгаа тарифыг 224 төгрөгт хүргэх шаардлага тооцоо судалгаагаар гарсан. Үнэ нэмэх тогтоолыг манайх энэ оны 10 дугаар сарын 28-нд гаргасан. Энэ талын шийдвэрийг ХЗДХЯ мөн баталгаажуулж албажуулаагүй байна гэв.


ЭХЗХ-ноос ААН, байгууллагын цахилгаан, дулааны үнийг нэмэхээр 10 дугаар сарын 28-нд гаргасан тогтоол өнөөдрийг хүртэл хэрэгжиж эхлээгүй байна.

 

ААН-үүдийн цахилгааны хэрэглээний тарифыг ангилж 14-28 хувиар нэмэгдүүлж байна. Үнэ тарифыг нэмэх зайлшгүй шаардлагыг тэрбээр үйлдвэрлэгчийн үнийн индекс 46 хувиар, валютын ханш 18 хувиар, ус ашиглалт 80 орчим хувиар тус тус өссөн зэрэг нөлөөллүүдтэй уялдан гарсан гэдгийг хэлсэн юм. 

Related news