Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэв 

МОНГОЛЫН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2016-08-23 19:52:20

Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр /2016.08.23/ Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өргөн мэдүүлэв. 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 26 дугаар зүйлийн 26.7-д “...Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өөрийн бүрэн эрх эхэлснээс хойш 60 хоногийн дотор … Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ ...” гэж заасны дагуу Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулснаа ийнхүү Улсын Их Хуралд өргөн мэдүүлж буй Ерөнхий сайд танилцуулав. 

Уг хөтөлбөрийн төслийг боловсруулах ажлын хэсэгт төрийн захиргааны төв байгууллагуудын төлөөлөл ажилласан байна. Ингэхдээ Улсын Их Хурлаас батлан гаргасан хөгжлийн бодлогын баримт бичгүүд болон Улсын Их Хурлын сонгуулийн үеэр Монгол Ардын Намын ард иргэдэд танилцуулсан мөрийн хөтөлбөрт тулгуурлан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг боловсруулан талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танилцууллаа.

Хөтөлбөрийн төслийг өргөн мэдүүлэхэд Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Related news