УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2022-10-18 13:04:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзав.


Уулзалтын үеэр хоёр орны хамтын ажиллагаа, цар тахлаас үүдэлтэй хилийн боомтын хорио цээр, газрын тосны бүтээгдэхүүн, тэсэрч дэлбэрэх бодисын нийлүүлэлтийн тухай санал солилцлоо.


УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар хилийн боомтын хорио цээрийн улмаас уул уурхайн салбарт хэрэглэдэг бараа, материал, түүхий эд, бүтээгдэхүүний импорт, тээвэрлэлтэд хүндрэл учирсан хэвээр байгааг дурдаад, боомтын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд БНХАУ-ын талтай хамтран ажиллаж, шаардлагатай албан уулзалтууд хийх хүсэлтэйгээ илэрхийллээ. Мөн БНХАУ-аас нийлүүлдэг газрын тосны бүтээгдэхүүний импортыг нэмэх, уурхайн үйлдвэрлэлд шаардлагатай тэсэрч дэлбэрэх бодис, бусад урвалжийн нийлүүлэлтийг хөнгөвчлөхөд хамтран ажиллах саналтай байгаагаа тэмдэглэжээ.


Элчин сайд Цай Вэньруй, Эрээн хотын химийн бодис хадгалах агуулахад өргөтгөл шинэчлэл хийж байгаа тул бүтээгдэхүүн нийлүүлэлт хүндрэлтэй байгаа гээд, БНХАУ-аас тогтвортой, хэвийн нийлүүлэх, нэвтрүүлэх боомтын тоог нэмэхэд дэмжлэг үзүүлэхийг нарийвчлан судалж холбогдох байгууллагад уламжлахаа илэрхийлэв. Мөн БНХАУ нь хэдийгээр газрын тосны бүтээгдэхүүний экспортлогч орон биш ч Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтэд анхаарал хандуулахаа мэдэгдсэн юм.

 

Related news