Залуу албан хаагчдыг сургах “Менторшип” хөтөлбөр хэрэгжиж эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2022-09-29 11:58:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Төрийн албаны зөвлөлөөс хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд “Стратегийн баримжаатай хүний нөөцийн удирдлага”, “Төрийн албан хаагчийн зарчимч, шударга байдлыг бэхжүүлэх нь” дэд төслүүдийг Стандарт, хэмжил зүйн газар хэрэгжүүлж байгаа юм.

 

Эдгээр төслийн хүрээнд шинээр томилогдсон залуу албан хаагчдыг хөтөлбөрт оролцуулах замаар төрийн албан хаагчийн ажил мэргэжлийн онцлог, үнэт зүйлийг туршлагатай албан хаагчаас биечлэн суралцах боломжийг бүрдүүлэх  зорилгоор Стандарт, хэмжил зүйн газарт “Менторшип” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ.

 

Энэхүү хөтөлбөрт салбарт харьцангуй арвин туршлага мэдлэг хуримтлуулсан мэргэжилтнүүд, шинэ, залуу ажилтнууддаа ажил амьдралд нь зөвлөх, нөгөө талаас залуус нь ахмадуудаа орчин цагийн нийгэм соёлын өөрчлөлттэй дасан зохицох, суралцах, шинэ цаг мөчтэй уралдан хөгжихөд нь туслах зэргээр бие биеэ дэмжих, харилцан ойлголцох, мэдлэг дамжуулах үйл явцыг хэрэгжүүлэх юм.

 

Тус хөтөлбөр нь шинээр томилогдсон, залуу төрийн албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, чадавхыг богино хугацаанд бэхжүүлэх, ёс зүйн үнэт зүйл, хандлагыг чиглүүлэх зорилготой.

 

Цаашид “Менторшип” хөтөлбөрийн Стандарт, хэмжил зүйн салбарын хэмжээнд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Related news