ДАРХАН-УУЛ: "Монгол хүний язгуур мөн чанар, амьдралын үнэ цэн" лекц зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-09-22 15:27:25

Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Үндэсний бичиг соёл номын өдөр-2022” номын баяр Дархан хотноо долоо дахь өдрөө үргэлжилж байна. Номын баярын хүрээнд энэ сарын 21-нд Залуучууд театрын их танхимд "Монгол хүний язгуур мөн чанар, амьдралын үнэ цэн" лекц зохион байгууллаа.


Тус лекцийн илтгэгчээр үндэсний сургагч багш, хүний нөөцийн аудитор, үндэсний брэндийн эксперт Б.Батгэрэл, хэл шинжлэлийн ухааны доктор Ц.Буянхишиг, хэл шинжлэлийн ухааны магистр, тэргүүлэх зэрэгтэй багш Ж.Эрхэмсайхан, үндэсний бичиг үсгийг дэлгэрүүлэгч АБТА багш Б.Булганчимэг нар оролцов.

Энэхүү лекцээр монгол хүн бүр Их хааны алтан сургаалийг амьдрал ахуйдаа хэвшил болгох, өвөг дээдсийн үнэт өв уламжлал, Монгол Улсын үнэт зүйл, үндэсний язгуур мөн чанарыг тодотгож, хариуцлагатай, ёс зүйтэй, өвөг дээдсийн өгөгдлийг сайн сайхнаар авч явахын тухай  мэдээлэл өглөө.

"Монгол хүний язгуур мөн чанар, амьдралын үнэ цэн" лекцийн үеэр "Нүүдэлчин Монгол" их наадмын шилдэг өвлөн уламжлагч багш нарын бүтээл болон “Монгол хүний өв соёл” сэдэвчилсэн номын үзэсгэлэнг иргэдэд дэлгэн толилууллаа.

Энэхүү лекцийг Дархан-Уул аймгийн Соёл урлагийн газар, Төв номын сан болон Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК хамтран зохион байгуулж, Дарханыханд оюуны хөрөнгө оруулалт, Монгол хүний язгуур мөн чанар, амьдралын үнэ цэнийн тухай лекторуудыг урьж оролцууллаа.

 

Related news