ДАРХАН-УУЛ: Сумдын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн дийлэнх нь томуугийн шинжтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-12-12 19:05:15

Дархан, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 / МОНЦАМЭ/. Энэ сарын 11-ний байдлаар сумдын Эрүүл мэндийн төвийн амбулаторийн үзлэгийн 3-6 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгааг аймгийн ЭМГ-аас мэдээллээ. 


Орхон, Хонгор, Шарын гол сумын түргэн тусламжийн дуудлагын 30-50 хувийг тус өвчин эзэлж байна.


Хэвтэн эмчлүүлэгчдийн хувьд Шарын гол сумын эмнэлэгт 22 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хатгаатай зургаа буюу 27.3 хувь, Хонгор суманд 6 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас гурав нь хатгаатай буюу 50 хувь, Орхон суманд таван хүн хатгаа авсан шинж тэмдэгтэй хэвтэн эмчлүүлж байна.


Аймгийн хэмжээнд энэ 7 хоногтоо нийт 26 томуугийн үүсгэгч илрүүлэх сорьц хийгдсэн. Үүний 16 нь ХӨСҮТ-д, арав нь Нэгдсэн эмнэлгийн лабораторид хийжээ.




Дээрх сорьцын 22 буюу 84.6 хувь нь эерэг бөгөөд сорьцод А хүрээний H3N2 томуугийн вирус 54.4 хувьтай, томуугийн хүрээний үүсгэгч 40.9 хувьтай, вирус 18.2 хувьтай илэрчээ.



Тиймээс улсын хэмжээнд төдийгүй манай аймгийн хэмжээнд томуугийн үүсгэгч H3N2 давамгайлж байна гэдгийг тодотголоо.


Өвчний тархалтыг бууруулахад мэргэжлийн эмчийн заавар зөвлөмжийг дагах, эцэг, эх асран хамгаалагчдын анхаарал, хяналт сайн байх хэрэгтэйг анхааруулж байна. Хэвтэн эмчлүүлэх ор хүүхдийн тасагт дүүрсэн тул нэмэлтээр нэгдсэн эмнэлгийн дотор болон халдвартын тасагт 46 ор нэмэлтээр дэлгэж хэвтэн эмчлүүлэх хүүхэд, багачуудыг хүлээн авч байна.

 

 

Related news