Юн Сок Ёл БНАСАУ-ын өдөөн хатгалгад хатуу хариу өгөхийг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-09-21 14:39:01

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй мягмар гарагт уулзах үеэрээ БНАСАУ ахин цөмийн туршилт явуулсан тохиолдолд олон улсын хатуу хариу арга хэмжээ авахыг уриалжээ.


Талууд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд уулзсан бөгөөд БНАСАУ-ын талаар, мөн БНСУ, НҮБ-ын хамтын ажиллагаа, Юн Сок Ёлын ассамблейд хэлсэн үгэндээ дэвшүүлсэн асуудлуудын талаар 25 минутын турш санал бодлоо солилцсон гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Ким Ын Хе мэдээлсэн байна.


Юн Сок Ёл БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс “бүрэн, баталгаатай, эргэлт буцалтгүйгээр” ангижруулахыг дэмжиж, Солонгосын хойгт тогтвортой энх тайвныг тогтооход хүчин чармайлт гаргаж байгаад А.Гутеррешт талархал илэрхийлжээ.


Мөн БНАСАУ-ыг “нээлттэй байх замыг сонговол” зөвхөн БНСУ төдийгүй олон улсын санхүүгийн байгууллагууд болон Зүүн Хойд Азийн орнууд хөрөнгө оруулалт, санхүүгийн тусламж дээр гар татахгүй гэж тэрбээр үзэж байгаагаа хэлсэн байна.


“Ерөнхийлөгч Юн БНАСАУ-ыг хаалттай үүд хаалгаа нээхэд нь, мөн Зүүн Хойд Ази болон дэлхийн энх тайвны төлөө хувь нэмрээ оруулахын тулд бүхий л хүчин чармайлтыг гаргана гэж хэлсэн”-ийг Ким Ын Хе уламжилжээ.


А.Гутеррешийн хувьд, Ерөнхийлөгч болон БНСУ НҮБ-д итгэж болно гэдгийг онцлоод, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл эрх чөлөө, энх тайванд заналхийлж буй аливаа өдөөн хатгалгад тодорхой хариу арга хэмжээ авна гэдгийг тэмдэглэсэн байна. 


Тэрбээр мөн Юн Сок Ёлын НҮБ-д тавьсан илтгэлдээ дурдсан хөгжиж буй орнуудад үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх, дижитал технологийг хуваалцах зэрэг санааг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлжээ. 

Related news