ДУНДГОВЬ: Б.Эрдэнэбаатар: “Ерөөлч Баатар” гэдэг алдар ямар ч шагналаас илүү санагддаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-09-19 12:06:35
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын иргэн, ерөөлч магтаалч Бархасын Эрдэнэбаатартай ярилцлаа. Тэрээр Ерөөлч магтаалчдын улсын уралдаанд 8 удаа түрүүлж, 3 удаа дэд байр эзэлсэн, эгэлгүй авьяастай, жирийн нэгэн малчин хүн юм.


-Та бол аймагтаа төдийгүй, улсдаа танигдсан ерөөлч, магтаалч хүн. Энэ сайхан өв соёлоо тээж яваа хүний хувьд “Ерөөл” хэлэхийн сайн сайхан, ач холбогдлын талаар юу гэж бодож явдгаа хуваалцаач?


-“Ерөөл” гэдэг аливаа зүйлийг магтан, бэлгэдэж, сэтгэлээсээ үгийн гайхамшгийг урсган гаргахыг л хэлээд байгаа юм уу даа. Сайн сайхныг л хүсч, баяр наадам, найр хурим, олон үйл явдалд бэлэгтэй үгсийг хэлж, ерөөл тавих нь монголчуудын нэгэн сайхан заншил.

Тэгээд “хобби” ч гэх юм уу, цаанаасаа ийм үйл хийх тавилан  ч байдаг уу. Би 30-аад жил ерөөлөө шүү дээ. Улсын уралдаанд найман удаа түрүүлж, гурван удаа аман хүзүүдлээ. Ерөөл хэлдэг эгэлгүй авъяастай хүмүүс олон байдаг, гэхдээ түүнийгээ хөгжүүлээд, уралдаан тэмцээнд оролцож явдаг нь тоотой.


-Тийм шүү, хүүхэд байхад өвгөчүүл загнахдаа ч, урам өгөхдөө ч толгой холбож, сургаж байхыг мэддэг юм. Таны энэ их авьяас өвлөгдсөн юм болов уу, та өөрийнхөө тухай танилцуулах уу?


-Би энэ тухай нэг их яриад байдаггүй. Манай удамд Гэлэгбалсан гэдэг нутаг усандаа нэртэй, ерөөлч хүн байсан гэдэг. Миний төрсөн ээж монгол хэл, уран зохиолын багш хүн. Намайг багад малчин айлд өргүүлсэн. Тэгэхээр авьяас байгаа бол өвлөгдсөн л байх. Гэхдээ түүнийг хөгжүүлэх зайлшгүй хэрэгцээтэй.


Гэлэгбалсан 1846 онд Түшээт хан аймгийн Говь түшээ вангийн хошууны нутагт одоогийн Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Онгийн гол орчимд хамжлагын ард Бавуугийн хүү болон төржээ.

Гэлэгбалсан нь тухайн цагийн эрхшээлээр 10-аад насандаа хувраг болох замд орж Онгийн гурван хийдийн нэгэнд шавилан суух болов. Гэвч тэр удалгүй сүм хийдийг орхин гэртээ эргэн ирж амины арав таван мал маллаж, монгол бичиг заалгаж зэгсэн суралцжээ.

Гэлэгбалсан хорь гаруй насандаа бусдаас тэмээ мал хөлслөн авч амьжиргаа дээшлүүлэхээр харь нутаг хошуунд аян жин тээж нүд тайлж, юм үзэж  явахдаа монгол, төвөд ном судар цуглуулж уншин авьяас мэдлэгээ тэтгэн дээшлүүлж байжээ. Тэрээр гучин хэдэн наснаас ерөөл цээжлэн хэлж улмаар зохиодог болсон байна. Түүний зохиосон “Тэнгэрээс хур бороо гуйж хэлсэн ерөөл”, “Наадмын ерөөл”, “Гүүний сангийн ерөөл”, “Уулзахын ерөөл” зэрэг олон шүлэг ерөөл нь ам ба бичгээр дамжиж түүний нэрийг нийтэд алдаршуулжээ. Гэлэгбалсангийн ерөөлийн сэдэв гол төлөв ард түмний зан үйл, ахуй амьдралыг тусгасан байдаг аж.


Хүүхэд байхдаа шүлэг бичдэг хүүхэд байлаа. Шүлэг бичиж байж л ерөөл хэлдэг болно байх даа. Түүх, домог, ном маш их унших ёстой. Зүгээр нэг малчин байж байгаад гэнэтхэн ерөөл хэлнэ гэж байхгүй. Зүгээр нэг цэц биш юм. Түүх домог мэдэх ёстой.


-Хүүхэд байхдаа шүлэг бичдэг байжээ, анх хэзээ ерөөж эхэлсэн бэ, одоо танай хүүхдүүдэд энэ авьяас өвлөгдсөн үү?

-Хүүхэд байхдаа ч нэг их ерөөл хэлээд байгаагүй дээ. Би 1988 онд аймгийн 10 жилийн нэгдүгээр сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг төгссөн. Тэр үед арай л сурлагатай хүүхдүүд энэ ангид орж суралцдаг байлаа. Манай ангийн 30 хүүхдээс одоо хоёр нь л малчин болсон байдаг юм. Нэг нь одоо “Улсын аварга малчин”. Нөгөөх нь би.

1993 онд байх, цэргээс ирсний дараахан айлын найран дээр очсон чинь ерөөл хэлэх хүн олдоггүй. Нэг үе ерөөл хэлэх нь ёс төдий бэдгэдлийн хэлбэртэй л болчихсон байлаа. Тэр айлын найран дээр багийн дарга “Бархасын Эрдэнэбаатарт өг. Ямар ч байсан хэдэн үг хэлэх л байх” гэснээр би ч хултай айраг гардаж, бага зэрэг сандран байж  хэдэн үг зангидаад хэлж орхиж билээ. Түүнээс хойш нутгийнхан маань намайг ерөөл хэлэх хүн байна шүү гэж урам өгсөн.

Улсын уралдаан 3 жилд нэг удаа болдог. Хамгийн анх 1998 онд мотоциклтэйгээ давхиж очоод, өмссөн хувцастайгаа, тоостойгоо уралдаанд оролцоод түрүүлж байлаа.

Би Гурвансайхан шиг 3 сайхан охинтой, гуа сайхан Арц богд шиг ганц сайхан хүүтэй хүн дээ. Тэгээд ач, зээ нар олон болж байна. Зээ нар гэхэд 5 болсон байна. Хүү одоо цэргээс ирнэ. Бага охин төгсөнө.

Өвлөгдөхийн тухайд бас хоосонгүй юм шиг байна. Миний нэг охин Дагийранз гуайн нэрэмжит улсын уралдаанд оролцоод түрүүлж байсан. Жавзандулам гэдэг охин бий. Хүү маань  Зэвсэгт хүчний 167 дугаар цэргийн ангид алба хааж байгаа. Тэнд бас шүлгийн уралдаанд түрүүлж байна гэнэ. Тэгэхээр бас хоосонгүй юм болов уу даа.

Жаахан балчир наснаасаа

Задгай дураар явсан

Загал буурал говийнхондоо

Унаган айлаар явсан

Чихэр шиг нялууныг сонссон

Чинжүү шиг гашууныг ч дуулсан

Чин шударга малчин миний

Цээжээр хэлсэн ерөөлийг

Чандлан хүлээн авна уу

Орой шөнө зүгээр байгаагүй байна

Олон хүүхэд төрүүлсэн байна

Охид голдуу төрсөн юм байна

Одоо тэгээд олуул болжээ.


-30 жил ерөөл хэлнэ гэдэг бас бага хугацаа биш юм. Ард түмнийхээ дунд ч их хүндлэгдсэн байдаг. Хэлсэн ерөөлөө бичиж тэмдэглэдэг үү? Залуу хойч үедээ өвлүүлж үлдээх нь чухал санагдаж байна.


-Нутгийнхан маань “Ерөөлч Баатар” л гэдэг юм. Энэ алдар бол ямар ч шагналаас илүү санагддаг. Ард түмэндээ хүндлэгдэж явахаас илүү сайхан зүйл гэж юу байх вэ.

Миний гаргасан хоёр ч ном бий, “Инил хайрханы нутгаас” гээд ном гаргасан. Инил гэдэг маань миний нутгийн хайрхан Дэлгэрхангай уул юм шүү дээ. Би чинь энэ нутгийн Булаг толийн малчин хүн.

Аймгийн номын санд 2 номоосоо тус бүр 16 ширхэгийг өгсөн. Энэ жил хоёрхон ном үлдсэн байна лээ. “Таны номыг хүн авч явчихаад өгөхгүй юм” гэж байсан. Тэгэхээр хүмүүс сонирхдог л юм шиг байна.

Энэ жил Хэнтийд болсон уралдаанд оролцохдоо нэг номыг нь авч яваад тэндээ дурсгачихаад ирсэн чинь “гурав нугалж төлүүлнэ” гэсэн шүү.

Гэхдээ хэлсэн ерөөл болгоноо бичиж тэмдэглээд байдаггүй. Ихэнхдээ л шууд ерөөнө.  


-Танай нутгаар намаржаа тавтай юу? Дэлгэрцогт сумын нутагт отор хийж явна уу?

-Энэ жил манай нутгаар зуншлага сайнгүй ээ, гэхдээ өвөлжчихөж болох байх. Манайх нүүгээгүй, найз маань нүүж, адуу нь энд яваа юм.

Сайхан сайхан санагдаж байна

Сайхан сар нь гарсан байна

Дэлгэрхангайгаасаа хүрч ирээд

Дэлэнтэй малаа бараадаж,

Дэлхийн шимийг хүртэж явна

Дэлэгсамбын хөдөлгөөн шиг дүрвэсэнгүй

Дэлгэр монголдоо дэмий тэнэсэнгүй

Дэлтэй малаа ачаад Дэлгэрцогтын нутагтаа

Дэлгэрсайхан маань хүрээд ирсэн

Дэнжий нь халцлаад эндээ найрлаж байна

Орон нутаг отортой байна

Отор нүүдэл нь орчилтой байна

Олон газар тэнэж байна шүү


-Танай сумынхан отор нүүдэл хийж байна уу? Отроор явж байхад бэрхшээл их байдаг байх даа?

-Бэрхшээл байлгүй яах вэ, манай малчид нүүж л байна.  

Орон нутаг өвөлжөөгүй байна

Олон малчид нүүж байна

Доод газарт бэлчээр харж

Дээд газарт шимийг эрж

Гарц сайтай газар гурав, дөрөв хонож,

Гайгүй ихээхэн усанд тав, зургаа хонож,

Тамир муутай малаа тэвээрэг авахад нь баярлаж,

Тасраад нутаг гүйхээр нь урам хугаран бухимдаж, 

Суугуул, уугуул нутгийн шавар хаасан нүүдэлчид

Шавхардуухан усанд нь балаг ихтэй нүүцгээж,

Бууцны хоол идлээ гээд эзэн малчдад нь загнуулж,

Битгий шахаж буугаарай гэж нутгийн ардуудаар зарлигдуулж,

Ээлж дугараагүй, эндээс тэнд нүүнэ гэсэн

Зарим нэгэн хашруудад жаахан жаахан талтай,

Зожиглож буусан заримд нь дургүй хүрсэн гэмтэй,

Ийм хэсэг нүүдэлчид

Их хадган говь, ил нэгэн буудал дээр

Дур мэдэн суудаг юм, 

Гэхдээ 500-гаас дээш малтай айлуудад бэлчээр олддоггүй зовоодог,

Энд тэндхийн дарга нар нутгийн хэлэлцээр хийлээ л гэдэг,

Бид нар ингээд нүүж байдаг,

Дээгүүр дарга нар ярьж байдаг,

Яг эцсийн мөчид болохоор

Хэдэн малчид л мэддэг юм.

Байдал ийм л байдаг юм. Яг үнэндээ хэдэн малчид хоорондоо зохицож байж бэлчээрээ ашигладаг. Заримдаа хэрүүл зодоон болоод тарах нь ч бий. Хөдөөний амьдрал нэг ийм л байдаг даа.


-Танд баярлалаа. 

Related news