“Сэтгэшгүй оддын чуулган” таван гаргийн давхцлыг харах боломж олгов

ОРОН НУТАГТ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-06-30 11:55:14
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт байрлах “Говь Каравансерай” амралтын газарт 6 дугаар сарын 24-25-нд  таван гаргийн давхцал, түг түмэн оддыг ойроос харах “Сэтгэшгүй оддын чуулган” аялал зохион байгуулав.

Говь нутгийн нам гүм орчныг сонгон байрлах тус амралтын газарт монголын төдийгүй гадаадын аялагчид өргөнөөр ирж, тус аялалд оролцлоо.


Энэ үеэр аялагчид од эрхэс, зурхайн ордуудтай илүү дотно танилцаж, шөнийн оддыг тусгай дурангаар харж, маш ховор тохиох Санчир, Бархасбадь, Ангараг, Сугар, Буд гаргуудын нэг шугамд жагсаж буй мөчийг ажиглах ховорхон боломж тохиосон юм.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр UB Drums хамтлаг, уртын дуучин Х.Эрдэнэцэцэг, Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын “Соёрхол” хамтлаг тоглолт хийж, Dark Sky Mongolia компаний үүсгэн байгуулагч Б.Энхтүвшин оддын талаарх сонирхолтой баримтуудыг дэлгэж, мэргэжлийн тусгай дурангаар од, сар, гаргуудыг харуулжээ.

Аяллын хоёр дахь өдөр Дэл уулын аялал зохион байгуулж, хүн төрөлхтний түүхийн болон соёлын үнэтэй дурсгал, байгалийн түүхэн музейтэй танилцах боломжийг олгосон юм.

Судлаачдын үзэж байгаагаар Дэл ууланд Монголд байгаа хадны зургийн бүх төрөл жанр байдаг бөгөөд түүний нэг хэсэгхэн газар хүн төрөлхтөн сүүлийн 15 мянган жилд хоорондоо мянга мянган жилийн зайтай 5 удаа 5000 орчим зураг хадан дээр зурж үлдээсэн байдаг ажээ.

Энэ үеэр Дундговь аймгийн Музейн эрхлэгч түүх, соёлын энэхүү дурсгалыг тайлбарлаж, Увс аймгийн Алтай хамтлаг байгалийн тогтоцтой хосолсон бүжиг, ая дуу тоглон үзүүлсэн нь оролцогчдын сэтгэлийг хөдөлгөв.

Аяллын төгсгөлд оролцогчид Дундговь аймгийн 9 гайхамшгийн нэг Цагаан суваргаар аялжээ. Цагаан суварга нь хот балгадын туурь, байшин барилга мэт сүндэрлэдэг, өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнтэй байгаль. Олон жилийн өмнө далайн ёроолд байсан лаг шаврын давхарга нар салхины улмаас ийм хэлбэрийг олсон гэдэг.

Цагаан суварга дээрээс нар мандахыг харвал өнгө өнгийн солонгон дунд умбаж, эрт галавын үед очсон шиг тийм амар амгаланг мэдэрч, сайхан мэдрэмж авдаг ажээ. 




Related news