Засаг дарга Ц.Мөнхбат Сайхан-Овоо суманд ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-06-17 16:34:24
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат энэ сарын 16-нд тус аймгийн Сайхан-Овоо суманд ажиллав.

Тэрээр сумын төрийн албан хаагчид, иргэд, малчидтай уулзалт хийж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Дундговио ногооруулья” хөтөлбөрийн хэрэгжилт болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус суманд хийж байгаа бүтээн байгуулалтын ажилтай танилцжээ.

Тус суманд "Чинагийн Галсан" сангийн тэргүүн Г.Галтайхүү 10000 ширхэг мод хандивласныг сумын иргэд, төрийн албан хаагчид, малчид хамтран тарьж суулгасан бөгөөд аймгийн ХХҮГ-т бүртгэлтэй 20 иргэн модны усалгаа, цэвэрлэгээг хариуцан ажиллаж байгаа аж.

Цаашид мод тарьсан энэхүү газрыг сумын цэцэрлэгт хүрээлэн болгохоор зураг төсөв боловсруулж байгааг сумын Засаг дарга С.Амарсанаа энэ үеэр танилцуулжээ.


Сайхан-Овоо суманд улсын төсвийн хөрөнгөөр 320 хүүхдийн сургуулийн барилга, спорт заал болон төвийн усан хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжийн ажил хийж байна.

Сургуулийн барилга, спорт заалыг улсын төсвийн 4,494.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа бөгөөд  ажлын гүйцэтгэл 60 хувьтай байна. Барилгын ажлыг “Тэд констракшн" ХХК гүйцэтгэж байгаа ба энэ оны 12 дугаар сарын 30-нд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа аж.  

Мөн улсын төсвийн 3,250.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сумын төвийн усан хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжийн ажил хийгдэж байгаа ба Засаг дарга Ц.Мөнхбат ажлын явцтай танилцаж, гүйцэтгэгч “Эхлэл шинэчлэл прожект" ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцсон байна. Тус бүтээн байгуулалтын гүйцэтгэл 75 хувьтай байгаа ба энэ оны 11 дүгээр сарын 1-нд ашиглалтад оруулах юм. 



Related news