Тогтвортой хөгжлийн олон талт зөвлөлд олон улсын байгууллагын Суурин төлөөлөгчид ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-05-03 14:43:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны өнөөдрийн хуралдаанаар “Зөвлөл байгуулах тухай” дэд хорооны тогтоолыг батлав.


Уг тогтоолд Тогтвортой хөгжлийн зорилгын төлөвлөлт, санхүүжилт, хэрэгжилтийг эрчимжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх, УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны ажлыг дэмжих, тогтвортой хөгжлийн зорилгод чиглэсэн шийдвэр гаргалтад мэргэжлийн зөвлөмж хүргүүлэх үүрэгтэй Тогтвортой хөгжлийн олон талт зөвлөлийг  байгуулахаар тусгажээ. Мөн тус зөвлөл УИХ, Засгийн газар, хөгжлийн түншүүд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд болон эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилго, түүний хэрэгжилт, хүндрэл бэрхшээлийн талаар олон нийтэд түгээх, таниулах үүрэгтэй байх юм.


Зөвлөлийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Э.Болормаа, Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа нар ажиллах юм. Түүнчлэн НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хөгжлийн хөтөлбөр, Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч, ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч, Жайкагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын ахлах төлөөлөгч, Азийн сангийн Эдийн засгийн хөтөлбөр хариуцсан захирал, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч болон МҮХАҮТ, холбогдох их, дээд сургууль, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгч ажиллах юм.


Тогтоолтой холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувийн саналаар баталсан юм.

Related news