“Боомтын сэргэлт”: Гаалийн байгууллагын цахимжилт 80-90 хувийн хэрэгжилттэй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголын Эдийн
засгийн чуулган-2022” форумын өмнөх салбарын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр “Боомтын
сэргэлт” сэдвээр үргэлжилж байна. Хэлэлцүүлгийн талаар Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэгээс
тодруулав.
-Сангийн яамнаас Төр-хувийн
хэвшлийн түншлэлийн хуулийг УИХ-д өргөн барихаа мэдэгдлээ. Бизнес, эдийн
засагтай холбоотой өөр ямар хуулийг шинэчилэх вэ?
-Засгийн газраас хэрэгжүүлж
буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын
төслүүдэд 100-120 их наядын урьдчилсан тооцоо гарсан байгааг та бүхэн сайн мэдэж
байгаа. Ийм хэмжээний бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг олон улсын донор
байгууллагууд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нар хувийн хэвшлийн түншлэлд л
тулгуурлан хийж хэрэгжүүлнэ.
Яаж түншлэх вэ гэдгээ маш тодорхой, ойлгомжтой гаргах нь төр засагт ч тэр, хувийн секторт ч чухал хэрэгтэй байгаа. Тиймээс манай яамнаас Төр-хувийн хэвшлийн тухай шинэ хуулийг, мөн Тендерийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулаад УИХ-д өргөн барихад бэлэн болоод байгаа.
-Дэлхийн банк болон олон
улсын бусад байгууллагын төслөөр манай улсад 2-3 жилийн өмнө гаалийн шинэчлэл
эхэлсэн. Энэ хугацаанд уг шинэчлэл хэдэн хувьтай хийгдээд байна вэ?
-Гаалийн байгууллагын цахимжилт 80-90 хувьтай хэрэгжиж байгаа. ГЕГ дээр бүх боомтын гарах, орох үйл ажиллагааг хянаж байгаа. Яг газар дээрээ гадаад худалдааны үйл ажиллагааг эрчимжүүлж, худалдааны эргэлтийг сайжруулахын тулд хил, гааль дээр төрийн үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын хоорондын уялдаа холбоо их чухал байгаа. Энд ажиллаж буй гааль, хилийн болон мэргэжлийн хяналт гэсэн 4 байгууллагын уялдааг хангах, давхардлыг арилгаж худалдааг хөнгөвчлөх үүднээс энэ оноос хилийн мэргэжлийн хяналт, гааль хоёрын үйл ажиллагааг нэгтгээд байгаа. Энэ нь механик нэгдэл биш, төрийн үйлчилгээг нэг голдиролд оруулж буй үйл ажиллагаа юм.
Гааль, хилийн болон мэргэжлийн хяналт гэсэн 4 байгууллагын уялдааг хангах, давхардлыг арилгаж худалдааг хөнгөвчлөх үүднээс энэ оноос хилийн мэргэжлийн хяналт гааль хоёрын үйл ажиллагааг нэгтгээд байна.
-АХБ-ны санхүүжилт,
БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хийж буй боомтын шинэчлэл ямар
явцтай байна вэ?
-БНХАУ-тай хиллэж буй
манай улсын хилийн боомтууд дээр тус улсын буцалтгүй тусламж, зээлээр бүтээн
байгуулалтууд хийж байгаа. Ковидын цар тахлын нөхцөл байдлаас үүдэн удааширсан
тал бий. Замын-Үүд дэх бүтээн байгуулалт 60-70 хувийн гүйцэтгэлтэй явж байна.
Гашуунсухайтынх үргэлжилж байна. Хойд бүсэд Боршоогоос эхлээд ОХУ-тай хиллэдэг бусад
боомтод АХБ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр бүтээн байгуулалтыг хийж
байна.
Одоо бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, аль болох нэг өдрийн өмнө ч гэсэн ашиглалтад оруулах шаардлагатай байгаа. Үүнээс гадна Ханги зэрэг 2-3 боомтыг шинээр, экспортын гарцыг бий болгохоор ажиллаж бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. Цар тахлын нөхцөл байдал арилж харьцангуй гайгүй болоод ирэхээр аялал жуулчлалыг сэргээх бололцоотой болно.
Тиймээс аялал жуулчлалын боомтуудыг сэргээх зэргээр бид аль боомт нь
эдийн засгийг сэргээхэд юун түрүүнд хэрэгцээ шаардлагатай, хамгийн эхлээд
нөлөөлөх боомт нь юу байна гэдгээр хилийн боомтуудын шинэчлэлээ эрэмбэлж байна.
Ер нь бол төр, засаг боомтууд дахь дэд бүтцийн асуудлаа шийдээд явъя, хувийн хэвшил боомт хүртэлх авто болон төмөр зам тавих, ачиж буулгах терминаль байгуулах ажлыг хийгээд явъя гэсэн бодлого баримталж байгаа. Мэдээж, төр, засаг хил, гааль дээрх хүнд суртлыг арилгах, гадаад, дотоод худалдааны үйл ажиллагаа, зардлыг нь хөнгөвчлөх, ААН-үүдэд дарамт шахалтгүй үйлчлэх зэргээр уян дэд бүтэц дээр төр манлайлж ажиллана.
Гэрэл зургийг Б.Чадраабал