Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ 2.6 их наяд төгрөг боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний 2 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2.6 их наяд төгрөг боллоо.
Энэ нь өмнөх оны
мөн үеийнхээс 860 (50 хувь) тэрбум, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ
2.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 840.7 (51.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Тэнцвэржүүлсэн тэнцэл 2021 оны эхний 2 сард 112.8 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан бол энэ оны эхний 2 сард 32.1 тэрбум төгрөгийн ашигтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ хоёрдугаар сард 1.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх сарынхаас 575.4 (60.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэн, зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 173.2 (13.3 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2021 оны 12 дугаар сард 1 их наяд, энэ оны нэгдүгээр сард 358.3 тэрбум төгрөгийн алдагдалтай, харин 2 дугаар сард 390.4 тэрбум төгрөгийн ашигтай байв. Улсын нэгдсэн төсвийн орлогод татварын орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 5.2, тогтворжуулалтын сангийн орлогын эзлэх хувь 1.4 нэгж хувиар нэмэгдэж, татварын бус орлого 4.2, ирээдүйн өв сангийн орлого 2.5 нэгж хувиар багаслаа.
Татварын нийт орлого хоёрдугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 577.3 (66.2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд орлогын албан татвар 282.4 (79.1 хувь) тэрбум, нэмэгдсэн өртгийн албан татвар 98.6 (48.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Татварын нийт орлогод бусад татварын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 7.1 нэгж хувиар нэмэгдэж, харин нийгмийн даатгалын орлогынх 1, нэмэгдсэн өртгийн албан татварынх 3.6, онцгой албан татварынх 0.7, гадаад үйл ажиллагааны орлогынх 1.8 нэгж хувиар багассан байна.
Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний 2 сард 2.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 695.8 (40 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Зарлагын өсөлтөд урсгал зардал өмнөх оны мөн үеийнхээс 606.8 (39.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Урсгал зардалд урсгал шилжүүлгийн эзлэх хувь энэ оны эхний 2 сард өмнөх оны мөн үеийнхээс 12.3, хүүгийн зардал 1.1, татаас 0.8 нэгж хувиар өсөж, харин бараа үйлчилгээний зардлынх 14.3 нэгж хувиар багасжээ. Урсгал шилжүүлэг өсөхөд Засгийн газрын урсгал шилжүүлэг 780.4 (10 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Харин бараа үйлчилгээний зардал буурахад цалин хөлс, нэмэгдэл урамшууллын зардал 110.8 (29.4 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлсөн байна. Хөрөнгийн зардал 301.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 89.9 (42.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Хөрөнгийн зардалд барилга байгууламжийн зардлын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 8.2, бусад хөрөнгийн зардлынх 2.6 нэгж хувиар нэмэгдэж, харин тоног төхөөрөмжийн зардлынх 7.1, их засварын зардлынх 2, стратегийн нөөц хөрөнгийн зардлынх 1.7 нэгж хувиар багаслаа.