"Сэлбэ 20 минутын хот"-ын 5000 орчим айлын орон сууцны төслийг эхлүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. "Сэлбэ 20 минутын хот"-ын дараагийн ээлжийн 5000 орчим айлын 73 блок орон сууцны төслийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ.
Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2206 нэгж талбайд анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төсөл хэрэгжиж байгаа юм. Эхний ээлжийн 4000 орчим айлын орон сууц барих ажил үргэлжилж байгаа бол өнөөдөр сүүлийн тендерт шалгарсан 5 компани ажлаа эхлүүлж байна.
Сэлбэ хотод нийт 8565 өрхийн 113 блок орон сууц, 8 км авто зам, 39 км явган зам, 23 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барина. Мөн нийт талбайн 40 хувьд ногоон байгууламж хийхээр төлөвлөжээ.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул “Ажлаа богино хугацаанд чанарын өндөр түвшинд дуусгах төлөвлөж байна. Өнгөрсөн жил энэ төслийнхөө ТЭЗҮ-ийг дуусгаж, хөрөнгө санхүүг шийдэж, хяналт тавих компанийн бүтцээ тодорхойлсны үндсэн дээр хэрэгжих таван багц ажил ийнхүү эхэллээ. Олон улсын жишигт нийцсэн иргэнд ээлтэй хот болно” гэлээ.
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хуваан зарлахад дотоодын 17, гадаадын 17 аж ахуйн нэгж таван багц тендерт давхардсан тоогоор 64 тендерийн санал ирүүлсэн. Үүнээс “China Construction Fifth Engineering Bureau”, “Моринсувд”, “Нутгийн буян”, “Монкон”, “Професионалстрой” ХХК шалгарсан тул 5000 орчим айлын 73 блок орон сууцыг барих юм. Тодруулбал,
-Сэлбэ дэд
төвийн 71 айлын есөн давхар бүхий 11 блок орон сууцны иж бүрэн цогцолбор
хорооллын тендерт “China Construction Fifth Engineering Bureau” компани,
-Сэлбэ дэд
төвийн 71 айлын есөн давхар бүхий 12 блок орон сууцны иж бүрэн цогцолбор
хорооллын тендерт “Моринсувд” ХХК,
-Сэлбэ дэд
төвийн 71 айлын есөн давхар бүхий 14 блок орон сууцны иж бүрэн цогцолбор
хорооллын тендерт “Нутгын буян” ХХК,
-Сэлбэ дэд
төвийн 71 айлын есөн давхар бүхий 16 блок орон сууцны иж бүрэн цогцолбор
хорооллын тендерт “Монкон” ХХК,
-Сэлбэ дэд төвийн 71 айлын есөн давхар бүхий зургаан блок, 71 айлын 12 давхар бүхий найман блок орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт “Професионалстрой” ХХК шалгарчээ.