Ж.Батсуурь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд болов
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар Ж.Батсуурийг томилох эсэхийг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан спортын клубуудыг бодлогоор дэмжих хэрэгтэй хэмээн зөвлөж байсан бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү боловсролын салбар дээр туршилт явуулдгаа болимоор байна. Мөн шинжлэх ухааны салбарыг төр орхигдуулсан, сайн эрдэмтэн судлаачид байсан ч тэдний мэдлэгийг ашиглахгүй байна хэмээн сануулав.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир ШУА-ыг тараах тухай өмнөх Засгийн газрын үед яригдаж байсан. Тус академийг тараах нь зохисгүй гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн. Харин УИХ-ын гишүүн Я.Содбаатар, "Байнгын хорооны түвшинд нэр дэвшигч Ж.Батсууриас 10 гаруй хүн асуулт асууж хариулт авсан байна. Иймээс асуулт хариултгүйгээр хуралдах горимын санал гаргаж байна" гэлээ. Горимын саналаар санал хураалт явуулахад 56.4 хувь нь дэмжсэн. Иймээс нийт гишүүдийг асуулт асууж хариулт авсан хэмээн үзэж сайдын томилгоотой холбоотой санал хураалт явуулсан юм. Ингэхэд 83.6 хувь энэхүү томилгоог дэмжлээ.
Ж.Батсуурийн товч намтар
Политехникийн дээд сургуулийн Инженер, Эдийн засгийн тэнхимд багшаар 1983 - 1987 онд, Техникийн их сургуулийн багшаар 1987 - 1988 онд, Техникийн их сургуулийн ХЗЭ-ийн хорооны даргаар 1988 - 1990 онд, Техникийн их сургуулийн багшаар 1990 - 1992 онд, Техникийн их сургууль, Мэдээллийн техникийн сургуулийн Дэд захирлаар 1992 - 1994 онд, Чех улсын Прага хотын Техникийн их сургуулийн Докторант багшаар 1994 - 1998 онд, Улаанбаатар хотын "Ус орчин" ХХК-ийн Ерөнхий захирлаар 1998 - 2000 онд, Дорноговь аймгийн Засаг даргаар 2000 - 2008 онд ажиллаж байсан. Улмаар хоёр удаагийн УИХ-ын сонгуульд ялалт байгуулж УИХ-ын гишүүнээр сонгогдсон нэгэн.
Б.Туул