Цэргийн цагдаагийн бүрэлдэхүүн 2 өдөр сургалтад хамрагдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2022-02-22 16:26:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цэргийн хүрээ, хотхоны Цэргийн цагдаагийн нэгжийн бие бүрэлдэхүүнтэй явуулах сургалтыг энэ сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулав.

 

Зэдсэгт хүчний жанжин штаб /ЗХЖШ/-ын даргын тушаалаар хийж буй уг сургалтад Цэргийн албаны хэлтсийн бие бүрэлдэхүүн, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн удирдлага, тус ангийн Цэргийн цагдаагийн рот, салааны захирагч нар, зарим бүрэлдэхүүн болон Улаанбаатар цэргийн хотхоны Цэргийн цагдаагийн тасгийн бие бүрэлдэхүүн оролцож байгаа юм.

 

Мөн цахимаар хөдөө, орон нутгийн цэргийн хүрээний Цэргийн цагдаагийн тасгийн бие бүрэлдэхүүн хамрагдсан энэ сургалтын нэг онцлог юм.

 

Сургалтыг нээж ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал С.Ганбямба: “ЗХЖШ-ын даргын 2021 оны А/669 дүгээр тушаалын дагуу шинээр томилогдсон Цэргийн цагдаагийн рот, цэргийн хүрээ, хотхоны Цэргийн цагдаагийн тасгийн бие бүрэлдэхүүн Та бүхэн Зэвсэгт хүчний хэмжээнд дэвшүүлж буй зорилго, зорилтуудыг ханган биелүүлэх, нэн ялангуяа цэргийн хүрээ, хотхонд "Цэргийн цагдаагийн ажиллагааны журам"-ын хэрэгжилтийг сайтар зохион байгуулж, сахилга, дэг журмыг бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлагатай.

 

Цэргийн албаны хэлтэс, Цэргийн цагдаагийн рот, тасаг нь эрх зүйн хүрээнд, бодлогын түвшинд шинээр байгуулагдаж, богино хугацаанд үйл ажиллагаагаа явуулж буй хэдий ч харьцангуй идэвх зүтгэл, бүтээлч санаачилгатай ажиллаж байгаа хэмээн бид үнэлж байгаа.

 

Та бүхэн албан үүргээ гүйцэтгэхтэй холбоотой бүхий л хууль тогтоомж, удирдлагын баримт бичгүүдийг сайтар судлан мэргэжлийн ур чадвар, хэлний мэдлэг, бие бялдар, сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй байж, цаг ямагт бусдыгаа манлайлж явах ёстой. Түүнчлэн албан үүргээ гүйцэтгэж байхдаа аливаа эрсдэлийг урьдчилан тооцож, аюулгүй байдлыг сайтар хангаж, хууль, дүрэм, журмын хэрэгжилтийг чанд сахиж ажиллах, цаашид өөрсдийгөө байнга хөгжүүлж, дараагийн албан тушаалд дадлагажиж байх хэрэгтэй.

 

ЗХЖШ-ын удирдлагаас Та бүхний өмнө тулгамдаж буй зарим асуудлыг шат дараатай шийдвэрлэхэд анхаарал хандуулж ажиллах болно, үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаа" гэдгийг онцолсон.

 

Энэхүү сургалтын явцад "Цэргийн цагдаагийн үйл ажиллагаа, цаашдын чиг хандлага", "ОХУ, БНТУ, ХБНГУ-ын Цэргийн цагдаагийн чиг үүрэг, зэвсэг, техник, бүтэц, зохион байгуулалт", "Зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаа", "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, хойшлуулшгүй ажиллагаа" зэрэг сэдвийг хөндөж, харилцан санал солилцжээ.

 

Related news