Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжааг эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-02-21 12:38:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр “Омни актив ТЗК” компани хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч арилжааг эхлүүллээ. Нээлтийн ёслолд СЗХ, Хөрөнгийн бирж, үнэт цаас гаргагч компанийн удирдлагууд оролцов. Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай арилжааны нээлтэд хэлэхдээ, “Сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээл их идэвхижиж, тэр дундаа хувьцаа, бонд гэсэн хөрөнгийн зах зээлд гарч буй уламжлалт бүтээгдэхүүнээс гадна шинэ шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гарч эхэлж байна. Үүний нэгэнд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болж буй”-г онцоллоо. Тэрээр, энэ нь дотоодын хөрөнгийн зах зээл дээр гарч буй хоёр дахь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болж буйг тодотгов.




"Омни актив ТЗК” ХХК нь жилийн 14.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, жил тутамд хүү төлөх нийт 50 мянган ширхэг үнэт цаасыг тус бүрийг нь 100,000 төгрөгөөр олон нийт болон стратегийн хөрөнгө оруулагч нарт санал болгон худалдаж,  нийт 5 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх юм. Хөрөнгө оруулагч нар өнөөдрөөс эхлэн энэ сарын 24-ний 10.00-16.00 цагийн хооронд Монголын Хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компаниар дамжуулан тус үнэт цаасыг захиалах боломжтой. Үнэт цаасны танилцуулгыг энд, хуваарилалтын төлөвлөгөөг энд  дарж үзнэ үү.




Тодруулга: Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гэдэг нь иргэд, байгууллагад олгосон зээлийн эргэн төлөлтийн баталгаа, барьцааг үндэслэж тухайн зээлүүдийг багцлан хөрөнгийн зах зээлд шинэ үнэт цаас болгон гаргаж буй үйл ажиллагаа юм. Банк, санхүүгийн байгууллагын хувьд шинээр санхүүгийн эх үүсвэр татаж, шинэ зээлдэгч нарт зээл олгох, үйл ажиллагааны хөрвөх чадвараа нэмэгдүүлж сайжруулах боломж юм. Нөгөө талд, хөрөнгө оруулагчдын хувьд өөрийн хүсч буй эрсдэл, өгөөжийн түвшинд нийцэх, тогтмол хугацаанд хүүгийн орлого олох санхүүгийн хэрэгслийг сонгон хөрөнгө оруулж, өсгөх боломж юм. 

Related news