“Эрдэнэс Тавантолгой” ХК сарын хугацаанд 1.4 сая тонн нүүрс борлуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-08-13 16:55:48

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 13  /МОНЦАМЭ/. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрсний экспорт өсжээ.


Монгол Улсын Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д энэ сарын 9-нд гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, тус компанид Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг томилон ажиллуулж байна. Тус баг олборлолт, тээвэр, борлуулалт болон бусад үйл ажиллагааг сайжруулах гэсэн үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх төлөвлөгөө батлан, ажиллаж буй юм.


Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн энэ хугацаанд авч хэрэгжүүлж буй ажлын явц, үр дүнгийн талаар ээлжит хуралдааны үеэр танилцуулав.


Тэрбээр мэдээлэлдээ, “Энэ оны эхний хагас жилд нийт 85 удаагийн нээлттэй цахим арилжаа зохион байгуулснаас 65 удаагийнх нь амжилтгүй болж,  20 удаагийн арилжаагаар 1.3 сая тонн нүүрс зарсан. Ганцмод боомт дахь хатуу коксжих нүүрсний үнэ долоодугаар сарын эхээр өсөж тонн нь 700 юаниас 1000 юань болж өссөн. Биржийн арилжааны зохион байгуулалтыг сайжруулснаар долоодугаар сараас наймдугаар сарын 11-нийг хүртэл хугацаанд 23 удаагийн арилжаагаар 1.4 сая тонн нүүрс борлуулаад байна. Нүүрсний экспорт оны эхнээс буурсаар зургаадугаар сард 132.8 мянган тоннд хүрсэн бол өнгөрсөн долоодугаар сард 268.7 мянган тонн болж хоёр дахин нэмэгдсэн. Түүнчлэн энэ оны зургаадугаар сард “Эрдэнэс Тавантолгой”-н дансанд 90 сая ам.доллар орсон бол долоо болон наймдугаар сарын эхний 10 хоногт нийт 210 сая ам.доллар орж, валютын нөөцийг нэмсэн” гэв.


“Эрдэнэс Тавантолгой” ХК-д ажиллаж буй тус баг нүүрс тээвэр болон зарим төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг эрчимжүүлж байна. Тухайлбал, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв (ТНАЛТ)-ийн үйл ажиллагааг жигдрүүлж, ашиглалтад оруулах, төслийг бүрэн хүчин чадлаар ажиллуулах зорилгоор Хяналт шалгалтын баг, техникийн ажлын хэсэг ажиллаж байна. Мөн компанийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох, өр төлбөр, зардал бууруулах, үр ашгийг нэмэх зорилгоор эхний ээлжид худалдан авах ажиллагаатай холбоотой чиг үүргийн давхардлыг арилгаж, бусдыг нь арилгах бэлтгэл ажлыг хангаад байна. Түүнчлэн дунд хугацааны стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж байгаа аж. 

Related news