МИАТ-ийн инженерүүд гадаадын 83 нисэх онгоцыг засварлаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-02-09 12:37:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний тээвэрлэгч, иргэний агаарын тээврийн МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын инженерүүд гадаадын орнуудын нисэх онгоцны техник үйлчилгээг эх орондоо хийж гүйцэтгэж байна. Тодруулбал, манай нисэхийн инженерүүд гадаад, дотоодын агаарын хөлгүүдийг 2014 оноос бие даан засварлаж эхлээд байгаа юм. Өнгөрсөн хугацаанд 5 орны агаарын тээврийн 13 компанийн 83 нисэх онгоцны их засварыг хариуцан хийжээ. Европын орнуудад хийдэг их засвартай харьцуулахад манай улсад 2 дахин бага өртгөөр нисэх онгоцыг засварлаж байна. Тодруулбал, агаарын хөлгийн засвар үйлчилгээг хийхэд БНХАУ-д нэг хүн/цагаар тооцоход 40-45 ам.доллар, Европ, АНУ-д 80-100 ам.доллар байдаг бол манай улс 35-40 ам.доллароор хийж гүйцэтгэдэг аж. Энэ нь агаарын нэг хөлгийн засвар үйлчилгээг дунджаар 400-500 сая төгрөгөөр хийж байна гэсэн үг.



Монгол инженерүүд агаарын хөлгийн их засвараас 25.9 сая ам.долларыг эх орондоо төвлөрүүлжээ. 


Ингэхдээ олон улсын стандартад нийцсэн, дэлхий жишигт хүрэх үйлчилгээг хийж байгаагаар онцлог юм. Мөн үйлчилгээ болон засвараар орж ирж буй нисэх онгоцуудыг гаалийн татвараас чөлөөлдөг учраас гадаад орнуудын агаарын тээврийн компаниуд нисэх онгоцуудаа засварлуулах, техникийн үйлчилгээг Монголд хийлгэх сонирхол их, хүсэлт эрэлт бий болжээ. Үүнтэй холбогдуулан МИАТ ТӨХК-ийн  Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар гадаад зах зээлээ тэлэх, боловсон хүчнээ улам мэргэшүүлэн бэлтгэх шаардлагатай байгаа аж.




Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар өнөөдөр 70 гаруй инженер, техникийн ажилтан ажиллаж байна. Монгол инженерүүд “Боинг-В737, 767” онгоцуудыг засварлаж байна.  Жилдээ 25 онгоц засварладаг. Хамгийн их нь 2018 онд 56 онгоцны засвар үйлчилгээг хийжээ. БНСУ, ОХУ-ын авиа компаниуд манайхаар хамгийн их үйлчлүүлж техник засвар хийлгэж, мөн энэ чиглэлээр Турк, Тайланд, БНСУ зэрэг улс оронтой хамтран ажиллаж байгаа талаар МИАТ ТӨХК-иас мэдээллээ. Хамгийн сүүлд ОХУ-ын иргэний агаарын тээврийн
“Royal Flight” компанийн VQ-BRF бүртгэлийн дугаартай В737-800 агаарын хөлгийн техникийн засвар үйлчилгээг хийж дуусгаад байна.


Related news