Наадмын эхний өдөр 150 гаруй хүлэг шандас сорин уралдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-07-16 22:54:13

Ардын хувьсгалын 95, Дундговь аймаг байгуулагдсаны 75, Сайнцагаан сум байгуулагдсаны 92 жилийн ойн баяр наадмын эхний өдөр азарга, соёолон, шүдлэн насны хурдан морьдын уралдаанаар эхлэв.

Азарганы уралдаанд 43 азарга хурдалсаны түрүү магнайд Дундговь аймгийн Сайнцагаан сумын харъяат, аймгийн алдарт уяач Мөнхбаатарын хээр азарга  түрүүлж, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харъяат н.Дэлгэрдалайн хул алаг азарга аман хүзүүдэв. Удаад нь Дундговь аймгийн  Дэлгэрцогт сумын уяач Мөнх-Учралын хул алаг, Адаацаг сумын уяач Ц. Энх-Амгалангийн цавьдар, Сайнцагаан сумын харъяат,аймгийн алдарт уяач Д.Сумъяасүрэнгийн саарал азарга тус тус хурдаллаа.

Хурдан соёолонгийн уралдаанд 52 хүлэг шандас сорьж, Дундговь аймгийн  Хулд сумын уяач Батхишигийн соёолон түрүүлж, Дэлгэрхангай сумын уяач Амгаланбаатарын жигүүр хул аман хүзүүдсэн бол Дэлгэрхангай сумын харъяат Э.Төрмандахын хүрэн, Сайхан-Овоо сумын харъяат Алтангэрэлийн хонгор,  Дэлгэрхангай сумын харъяат Гантунгалагийн хар соёолон тус тус айрагдав.

Шүдлэн насны морьдын уралдаанд 60 хүлэг тоосоо өргөснөөс Дундговь аймгийн  Өлзийт сумын харъяат Д.Эрболдын загал түрүүлж, аман хүзүүнд Дэрэн сумын харъяат Л.Эрдэнэбаатарын хээр шүдлэн хурдалсан байна. Удаад нь Хулд сумын харъяат Ц.Товуудоржийн сартай хонгор,  Сайнцагаан сумын уяач Ч.Баяраагийн босоо зээрд,  Сайхан-Овоо сумын харъяат Ж.Эрдэнэбаярын хээр шүдлэн тус тус хурдалж наадамчин олныг баярлууллаа.

Хурдан морьдын уралдаан маргааш их нас, хязаалан, дааганы уралдаанаар үргэлжилнэ.

Т. Отгонтуяа

 

 

Related news