Дундговь аймгийг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
Otgontuya@montsame.mn
2016-07-11 17:34:58

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дундговь аймгийг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнахаар болжээ. Шагналыг энэ сарын 16- 17- ны өдөр болох аймгийн баяр наадмын үеэр гардуулна.

Өнгөрсөн хавар аймгийн ИТХ- ын тэргүүлэгчдийн хурлаар Дундговь аймгийг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонд тодорхойлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барихаар шийдвэрлэсэн. Тус аймгийн малчид мал сүргээ таван төрөлд нь жил тутамд өсгөсөөр 2.7 сая толгойд хүргэж, нэг хүнд ногдох малын тоогоор улсдаа тэргүүлсэн, сүүлийн 10-аад жил эхийн эндэгдэлгүй ажиллаж, шинэ төрөлт нэмэгдэн, шилжин явагсад буурч, шилжин ирэх хүн амын тоо ахисанаар хүн амын тоо сүүлийн 10 жилд байгаагүйгээр өссөн, хүн амын дундаж наслалтаар улсдаа мөн тэргүүлж байгаа гэх мэт нийгэм, эдийн засгийн олон эерэг үзүүлэлт Дундговь аймагт бий. Урлаг соёл, боловсрол, спорт нийгмийн салбар бүрт хүн ардынх нь хөдөлмөр зүтгэлийн үр дүнд бүтээн босч байгаа амжилт бүтээл  арвижсаар байгаа бөгөөд аймаг нийтээрээ төрийн одон медаль хүртэх үйлстэй гэж үзэн төрийн дээд одонд тодорхойлоод байсан юм.

Тус аймгийн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг үнэлж ийнхүү түүхт 75 жилийн ойн босгон дээр төрийн дээд одонгоор шагнахаар болжээ. 

Т. Отгонтуяа

 

 

Related news