МАН-аас нэр дэвшигч олонхын саналыг авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-10-17 10:42:29
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга, Засаг дарга Ц.Идэрбат УИХ-ын 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд үнэмлэхүй олонхын санал авчээ.
Энэ удаагийн нөхөн сонгууль болохын өмнө буюу 10 дугаар сарын 8, 9-нд ихэнх нутгаар орсон цас, цасан шуурганаас шалтгаалан малчдын мал уруудаж, зам даваа боогдож жижиг машин явахад бэрхшээл учирсан. Цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн ирц тааруу байж, цөөнгүй иргэд саналаа өгч чадаагүйг аймгийн Сонгуулийн хорооноос мэдээлж байна. Мөн 148 хэсгээс 44 хэсэг 5-60 км хүртэл явж дүнгээ зөөж дамжуулснаас шалтгаалан зарим хороодын дүн хоцорч ирж буйг СЕХ, аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.
УИХ-ын сонгуулийн тухай хуулиар ирц хүрээгүй бол нэмэлт санал хураалт 7 хоногийн дотор явуулахаар заасан. Тэгэхдээ нэмэлт санал хураалтын дүнг өмнө явуулсан санал хураалтын дүнд нэмж санал хураалтын дүнг эцэслэн гаргахаар зохицуулсан байдаг.
Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээлж /23:00 цагийн дүнгээр/ буйгаар 18 дугаар тойргийн 89 хэсгийн хорооноос 73 хэсгийн хороо, 94 төхөөрөмжөөс 78 төхөөрөмжийн дүн ирээд байна. Одоогийн байдлаар нийт 22735 сонгогч санал өгснөөс Монгол Ардын Намаас нэр дэвшигч, аймгийн Засаг дарга Ц.Идэрбат 16642 санал авсан бол, Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Гарамгайбаатар 4340 санал авчээ. Үүнчлэн бие даагч М.Чингисхаан 736, ИЗНН-аас нэр дэвшигч А.Бархүү 369, ШИНЭН-аас нэр дэвшигч Д.Баатаржав 235, АТОЗН-аас Д.Чулуунбат 199 санал авсан бол санал тэмдэглээгүй цагаан хуудас 214 тоологдоод байна. Санал хураалт нэгтгэх ажил үргэлжилж байна. Сонгуулийн албан ёсны дүнг ирэх даваа гарагт Сонгуулийн Ерөнхий хорооноос олон нийтэд мэдээлнэ.

Related news