Сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах асуудлаар ярилцлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, БШУЯ болон ХААИС, ШУТИС, АШУҮИС-ийн удирдлагууд өнгөрсөн долоо хоногт Дархан-Уул аймагт ажиллалаа.
Засгийн газрын хуралдаанаар Дархан-Уул аймаг дахь төрийн
өмчийн их сургуулиудыг сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн цогцолбор болгон
хөгжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Уг асуудлаар яамны
болон их сургуулиудын удирдлагууд аймгийн удирдлагуудтай уулзаж, ярилцлаа.
Дархан-Уул аймаг дахь их, дээд
сургуулиуд бүрэн чадлаараа ажиллаж чадвал ШУТИС 3000, ХААИС 2000, АШУҮИС 2000 оюутан хүлээн авах
боломжтой ажээ. Гэвч
өнөөдрийн байдлаар ШУТИС 1102, ХААИС 444, АШУҮИС 879 оюутантай үйл
ажиллагаа явуулж байгаа аж. Иймд хичээлийн байрны хүчин чадал, нөөц боломжид суурилан одоогийн
суралцагчдын тоог 2-3 дахин нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэж сургуулийн
удирдлагууд мэдэгдсэн. Тиймээс манай аймагт их сургуулийн хотхон байгуулахтай холбогдуулан
оюутнуудад зориулсан сургалтын төлбөрийн хөнгөлөлт, тэтгэлэгт хөтөлбөр, орон
нутагт ажиллах багш, ажилтанд тэтгэмж, орон сууцжуулах хөтөлбөрт хамруулах
зэрэг ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Тэр дундаа Дарханд хөдөө аж ахуй,
газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй, ургамал судлалын чиглэлийн сургалтыг
төвлөрүүлнэ гэдгийг дэд сайд Г.Ганбаяр уулзалтын үеэр хэллээ.
Дээрх үе шаттай арга хэмжээг
хэрэгжүүлэх шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргасан бөгөөд эхний
ээлжинд оюутны байрны хүртээмж болон багш, ажилчдын нөөцийг бүрдүүлэх,
оюутнуудад зориулсан сургалтын төлбөрийн хөнгөлөлт, тэтгэлэгт хөтөлбөрийг их
сургууль, орон нутгийн захиргаа, бизнесийн байгууллагатай хамтран боловсруулж,
хэрэгжүүлэх, багш, ажилтны нийгмийн баталгааг хангаж, дэмжлэг үзүүлэх, хөнгөлөлттэй
зээлд хамруулах, орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж олгох эрх
зүйн орчныг бүрдүүлэх арга хэмжээг их сургууль, орон нутгийн захиргаа,
бизнесийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэх
шаардлагатай байгааг салбар яамнаас танилцууллаа.
Дархан-Уул аймгийн хэмжээнд
хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хүрээнд багш, ажилчдын орон сууцны асуудлыг
шийдвэрлэх, оюутны хотхон, сургалтын бааз суурийг нэмэгдүүлэх барилга
байгууламж барих газрыг хот төлөвлөлттэй уялдуулан шийдвэрлэх боломжтойг
аймгийн Засаг дарга Б.Азжаргал онцолсон юм.
“Сургалт-эрдэм
шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон хөгжүүлэх ажлын төлөвлөгөөг орон
нутгийн онцлог, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн, боловсруулж,
хэрэгжүүлэх ажлын хүрээнд салбарын дэд сайдаар ахлуулсан ажлын баг Дархан-Уул
аймагт ажиллах үеэрээ суурь судалгааг нарийвчлан хийсэн байна.







